Б.Ууганбаяр: Энэтхэг рүү дахин тусгай нислэг үйлдэхээр бэлтгэж байна

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-19 12:35:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.


Энэ оны 1 дүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын хилээр 130 206 иргэн орж иржээ. Үүнд зохион байгуулалтайгаар буюу 15 удаагийн тусгай нислэгээр 3315, төмөр зам, автозам болон явганаар 5007  иргэнээ гадаад улсаас татан авсан байна.


УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: "Зөвхөн сүүлийн 7 хоногт Турк, Энэтхэг, ОХУ-аас агаарын болон Алтанбулаг боомтоор 1070 иргэнээ татан авсан.


Өнөөдрийн байдлаар, 46 улсаас 10 761 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна.

Тэдгээрээс бага насны хүүхэдтэй 1611, эрүүл мэндийн шалтгаантай 449, өндөр настан 869, жирэмсэн 152, богино хугацааны визтэй 136, тухайн орондоо байрлах боломжгүй болсон 158, оюутан 2818, санхүүгийн боломжгүй болсон 1002, насанд хүрээгүй хүүхэд 358 болон бусад шалтгаантай 3000 гаруй хүн эх орондоо буцах саналаа ирүүлсэн.


Өнөөдөр Энэтхэгээс ирсэн иргэдийг оруулаад нийслэл болон орон нутаг дахь 27 цэгт 2029 хүн тусгаарлалтад байна.

Халдваргүй боловч эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтэй хүмүүсийг өнөөдрөөс Нэгдүгээр төв эмнэлэгт тусгаарлаж эхэлсэн.

Түүнээс гадна Баян-Өлгий, Дорноговьд аймагт тараан байршуулж байна. Алтанбулагийн боомтоор ирсэн иргэдээ хойд аймгуудад тусгаарлаж байгаа бол төмөр зам дагуу сувиллын газруудад мөн иргэдээ байршуулж байгаа.  


ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн зохион байгуулах, мөн Энэтхэг рүү хоёр дахь нислэгийг үйлдэхээр төлөвлөж байна. Одоогоор хугацаа тодорхойгүй ч УОК, Шадар сайдын зүгээс бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. БНХАУ-аас тодорхой иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Удахгүй эдгээр иргэнээ татан авч, Замын-Үүдэд тусгаарлах ажлыг зохион байгуулна.  Иргэдээ татан авах ажлыг цаашид тасралтгүй зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна"  гэлээ.

Холбоотой мэдээ