Хувийн хариуцлагаа дээшлүүлж, амны хаалт тогтмол зүүхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-17 15:40:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Өлгий хотод эргүүл ажиллуулж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр “Амны хаалтаа зүүцгээе” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байгаа. Цагдаагийн газраас уг аяны хэрэгжилтэд хяналт тавин аймгийн төвийн “Тирлик”, “Ах дам” захууд болон төв талбай, иргэд олноор цуглардаг газарт эргүүл хийж байна. Мөн чанга яригчаар амны хаалтаа байнга зүүх талаар зөвлөмж өгч, амны хаалтгүй явж байгаа иргэдэд шаардлага тавьж байгаа аж.

Иймд иргэд хувийн хариуцлагаа дээшлүүлэн амны хаалтаа зүүж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ташрамд сануулахад, Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13 дахь хэсэгт, гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан юм. 

Холбоотой мэдээ