Энэтхэг улс ойн сангаа нэмэгдүүлэхэд 6.2 тэрбум доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-06 11:33:08

ШИНЭ-ДЕЛИ. /Qz/. Нарендра Модигийн Засгийн газар Энэтхэгийн ойн санг нэмэгдүүлэхэд 6.2 тэрбум доллар зарцуулна.

Засгийн газрын 2015 онд өргөн барьсан “Ойжуулалтын нөхөн олговрын сан”-гийн тухай хуулийн төслийг Энэтхэгийн парламентын доод танхимын гишүүд энэ долоо хоногт баталсан байна. Уг төслийн зорилго нь Энэтхэгийн ойн бүрхүүл бүхий талбайн хэмжээг нийт газар нутгийн 33 хувьд хүргэхэд чиглэжээ. Одоо төслийг парламентын дээд танхим батлах л үлдээд байна.

Ойн бүсэд төсөл хэрэгжүүлснийхээ төлөө 2006 оноос хойш Энэтхэгийн Засгийн газарт төлсөн хувийн компаниуд болон бусад аж ахуйн нэгжүүдийн төлбөрөөс ойжуулалтын зардлыг гаргах ажээ. Санд хуримтлагдсан хөрөнгийн 90 хувийг мужуудад хуваарилах бол 10 хувийг төв Засгийн газрын төсөвт үлдээхээр дээрх хуулийн төсөлд тусгасан байна.

Манай улсын ойн санг эрчимтэй нэмэгдүүлж, нутаг дэвсгэрийн 33 хувийг ойжуулах зорилтыг биелүүлэхийн тулд үндэсний хэмжээнд тогтоосон 2.5 тэрбум тонн нүүрстөрөгчийн хийг шингээх зорилтыг хангах явдал хамгийн чухал нь юм гэж Энэтхэгийн Байгаль орчны сайд Пракаш Жавадекар ярилаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ