Иргэдийн хаясан хогийг төрийн байгууллагын албан хаагчид цэвэрлэсээр л байх уу?

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-14 18:23:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байрладаг төрийн бүх байгууллагын албан хаагчид хотын төвийн урд хэсгээр хөглөрөх гялгар уут, хуванцар савыг түүж, цэвэрлэлээ.

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд цахилгааны хязгаарлалт хийсэн өдрүүдийг ашиглаад Сайнцагаан сумын Засаг даргын шийдвэрээр төрийн бүх байгууллага нийтийн цэвэрлэгээ хийсэн юм.

Эхний хоёр өдөр нь гадна талбай, орчноо цэвэрлэж, угааж, ариутгасан бол гурав дахь өдөр нь хотын төвийн урд хэсгээр дэрс, бутанд наалдсан гялгар уут, хуванцар сав, ариун цэврийн цаасыг түүж, цэвэрлэсэн бөгөөд энэхүү ажилд 58 байгууллагын 1056 албан хаагч оролцож, 2500 га талбайд цэвэрлэгээ хийж 148м³ (49,3тн) хог цэвэрлэсэн байна.

Аймгийн төвийн иргэд тарихыг нь тарьж, төрийн албан хаагчид ийнхүү цэвэрлэж байгаа нь ганц удаагийн явдал биш.

Хэдий болтол иргэд хогоо тарьж, төрийн албан хаагчид цэвэрлэх вэ, аймгийн төвийн урд талыг эзэлсэн их хогоо яах вэ, өдөр тутам нэмэгдэж байгаа энэ их хогийг үе үеийн удирдлагууд эрх барьж байгаа хугацаандаа ингээд л аргацаагаад яваад байх уу?

Төрийн албан хаагчид иргэдэд чиглэл, чиглэлээр үйлчилгээ үзүүлэх ёстой хэдий ч хогийг дангаараа цэвэрлэх албагүй. Иргэдийг ч мөн оролцуулах ёстой байсан байх. Хотын өнгө үзэмж, хогны асуудал бол Хотын захирагчийн алба, Сайнцагаан сумын ЗДТГ-ын бодлогоор хэрэгжиж байх асуудал.

Төрийн албан хаагчдаа шүүмжлэх гэсэнгүй, харин өдий болтол хогны менежментээ сайжруулж, хогоо дахин боловсруулж, иргэдээ хоггүй орчинд амьдрах хандлагыг төлөвшүүлж чадахгүй байгаа аймаг, Сайнцагаан сумын удирдлагуудын бодлого үгүйлэгдэж байгааг онцолж байна.  

Сайнцагаан суманд хогийг дахин боловсруулж, иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор менежментээ сайжруулах асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал мэт санагдана. 

Холбоотой мэдээ