Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Европын Холбооны Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-14 16:52:41
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах талаар төрийн бүхий л шатанд идэвх зүтгэл гарган ажиллаж байгааг дуулгаад энэ ондоо багтан тус жагсаалтаас гарахаар зорьж байгаагаа дурдав. Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. 


Элчин сайд Траян Лауренцю Христеа энэ үеэр Европын Холбоо нь гуравдагч орнуудыг өнгөөр ялгасан “хар, саарал жагсаалт” гаргадаггүй, харин мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт гэж гаргадаг болохыг онцлов.


Европын комисс Монгол Улсыг энэ жагсаалтад оруулах шийдвэр гаргасан хэдий ч, үүнийг Европын парламентаар хэлэлцэх бөгөөд хэрэв батлагдсан тохиолдолд ирэх 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ жагсаалтад орох тохиолдолд Европын Холбооноос Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй, зөвхөн мөнгөн гүйлгээнд харилцагчийг таньж мэдэх хяналт сайжрах аж.


Цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр, холбогдох санхүүжилт, тэдгээрийн хэрэгжилт хэвийн үргэлжилнэ. Түүнчлэн мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энэ хүрээнд техник туслалцаа үзүүлэх тал дээр дэмжихээ Элчин сайд Траян Лауренцю Христеа илэрхийллээ.

Холбоотой мэдээ