Афганистаны амаржих газарт амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-14 10:23:22

КАБУЛ. /BBC/. Афганистаны нийслэл Кабул хотын амаржих газарт болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж, 24-т хүрчээ.


Амиа алдагсдын дунд нярай хүүхдүүд, амаржаад удаагүй эхчүүд, сувилагч нар байсан бөгөөд 16 хүн шархадсан гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Кабулд мягмар гарагт болсон халдлагыг олон нийт ихэд зэмлэн буруушаасан юм. Одоогийн байдлаар уг халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна.


Мөн тухайн өдөр зүүн нутгийн Нангархар мужид оршуулгын ёслолын үеэр амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 32 хүн амь үрэгджээ.


Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани “Талибан” болон бусад бүлэглэлийн эсрэг түрэмгий ажиллагааг үргэлжлүүлэхийг үүрэг болгоод, хүчирхийллийг бууруулах уриалгыг үл тоомсорлож байна хэмээн босогчдыг буруутгажээ.


Нангархар мужид болсон халдлагын хариуцлагыг "Лалын улс” бүлэглэл хүлээжээ. Харин эмнэлэгт болсон халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд “Талибан” үүнд оролцоогүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ