Гуайдо Америкийн харуул хамгаалалтын компанийн даргатай биечлэн уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-13 12:12:56

ХАВАНА. /TASS/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо АНУ-ын харуул хамгаалалтын “Silvercorp” компанийн дарга Жордан Гудротой Вашингтонд биечлэн уулзаж, Венесуэлд зэвсэгт халдлага үйлдэх талаар нарийвчлан ярилцсан гэж баривчлагдсан хөлсний цэргүүдийн нэг Антонио Секеа байцаагдах үеэрээ мэдэгджээ. Байцаалтын дүрс бичлэгийг Венесуэлийн төрийн мэдлийн телевизээр цацсан байна.


“Гуайдог гуравдугаар сарын дундуур АНУ-д айлчлах үеэр Цагаан ордонд түүнтэй уулзсан гэж Жордан Гудро бидэнд утсаар мэдээлсэн. Гуайдо түүнийг Венесуэлийн дэглэмийг халах цэргийн зөвлөх гэж үзсэн. Жилийн өмнө Жордан Гудрог Ерөнхийлөгч Дональд Трампын аюулгүй байдлын албаныхантай хамт байхыг харсан учир энэ нь бидэнд итгэл төрүүлсэн” гэж Секеа ярьжээ.


Венесуэлийн сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагах зорилгоор 2019 оны 10 дугаар сард АНУ-ын харуул хамгаалалтын “Silvercorp” компанитай 213 сая ам.долларын гэрээ байгуулсан гэж “The Washington Post” сонин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдээлсэн байна.


Төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөхөөр төлөвлөж байсан хөлсний цэргүүд Колумбаас нэвтрэх гэж байсныг таслан зогсоосон гэж Венесуэлийн эрх баригчид энэ сарын 3-нд мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ