Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-14 18:18:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг,  зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ оны эхний 4 сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 43 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хэргээр буюу 166,7 хувиар өссөн байна. Хууль бусаар 228,5 куб метр мод бэлтгэсэн 34 гэмт хэргийг илрүүлж, Экологи эдийн засгийн үнэлгээгээр 24 сая 449 мянга 500 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.  Мөн  хууль бусаар загас, бор гөрөөс, согоо, зэрлэг гахай, шилүүс, бадган хүдэр агнасан 5 гэмт хэргийг нөхөн илрүүлж эзэн холбогдогчийг тогтоон прокурорын байгууллагад шилжүүлжээ.  

“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ, хяналт шалгалтыг чанар, үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд илрүүлэлт нэмэгджээ. Мөн аймгийн хэмжээнд экологийн асуудал хариуцсан 9 байцаагчийг ажиллуулж эхэлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан 9 төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, газар дээр нь шалган шийдвэрлэж таслан зогсоох, учирч болох хор хохирлыг бууруулах зэрэг эерэг үзүүлэлт гарч байгаа ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ