Энэ зууны эцэс гэхэд далайн түвшин нэг метрээр нэмэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-05-11 12:26:30

МОСКВА. /TASS/. Хэрэв улс орнуудын Засгийн газар Парисын уур амьсгалын гэрээ болон дэлхийн дулааралтай тэмцэх бусад хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй бол дэлхийн далайн түвшин энэ зууны эцэс гэхэд нэг гаруй метрээр, харин 2300 он гэхэд таван метрээр нэмэгдэнэ гэж дэлхийн шилдэг цаг уур судлаачид үзэж байна. Эрдэмтдийн судалгааг “Climate and Atmospheric Science” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.


“Бидний хийсэн судалгаа цаг уурын болон далайн түвшний үзүүлэлтийг судалдаг зуу гаруй тэргүүлэх мэргэжилтний санал бодол дээр тулгуурласан бөгөөд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь энэ үзүүлэлтийг  ядаж удаашруулахад чухал ач холбогдолтой гэдгийг харуулж байгаа юм” гэж судалгааг явуулсан эрдэмтдийн нэг болох Ирландын Майнутын их сургуулийн доцент Ниам Кэхилл ярьсан байна.


Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдэл одоо болж байгаа бөгөөд хэрэв агаарын хэмийн өсөлтийг Цельсийн 1.5 хэмд хязгаарлахгүй бол дэлхийн уур амьсгал эрс өөрчлөгдөнө гэдэгт цаг уур судлаачид бараг бүгд эргэлзэхгүй байна. Үүнийг  компьютероор гаргасан манай гаргийн уур амьсгалын олон зуун загвар төдийгүй цаг уурын хиймэл дагуулууд, цаг уурын станцууд, далай тэнгисийн хөвүүр тэмдгүүдийн олон мянган мэдээлэл нотолж байгаа ажээ.


Дэлхийн хамгийн том мөсөн давхаргууд болох Гренланд, Өмнөд туйлын мөс сүүлийн жилүүдэд дулаан уур амьсгалын улмаас 1990-ээд оны үеийнхээс зургаа дахин хурдан хайлж буйг тогтоосон билээ.


Холбоотой мэдээ