Хиллари Клинтоныг шүүхэд дуудаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-05 11:41:40

ВАШИНГТОН. /VOA/. Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ албан хэрэгцээнд хувийн цахим шуудан ашиглаж байсантай холбоотойгоор түүнээс мэдүүлэг авахын тулд шүүхэд дуудаж магадгүй гэж АНУ-ын Холбооны шүүгч мэдэгдэв.

“Judicial Watch” гэх консерватив бүлэг Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ Хиллари Клинтоны илгээсэн зарим цахим шуудантай холбоотой үндэслэлээр Төрийн департаментыг шүүхэд өгчээ.

Клинтоны цахим шуудангийн хаягийг нээхэд оролцож байсан Төрийн департаментын ажилтнуудын тухай мэдээллийг авахаар Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу хүсэлт гаргахад Төрийн департамент хариу өгөөгүй учир “Judicial Watch” бүлэг ийм зарга үүсгэсэн байна.

Албан ажлаа явуулахад нь хувийн цахим шуудан ашиглахыг Төрийн департамент Хиллари Клинтонд зөвшөөрч байсан гэх нөхцөл байдалд үндэслэн түүнийг шүүх хуралд дуудах шаардлагатай болж магадгүй гэж тойргийн шүүгч Эммет Салливан мэдэгдэв.

Харин үүнийг Клинтон "би ямар ч буруутай зүйл хийгээгүй" гэж няцаад, хувийн цахим шуудангийн зөвхөн нэг л хаягийг албан болон хувийн хэрэгцээнд тохиромжтой дөхөм болгох байдлаар ашигласан гэж мэдэгджээ.

Түүний энэ үйлдэл үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп нарын олон хүн буруушааж байгаа билээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ