У.Хүрэлсүх: Гаднаас зөөвөрлөгдсөн 41 тохиолдол ноцтой анхааруулга өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-07 12:08:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Covid-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн үйл явцтай танилцаж, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвөөс Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа шуурхай штаб, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын шуурхай штабуудтай холбогдлоо.


Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн үгэндээ, “Манай эх оронд Covid-19 халдвар 10 гаруй орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 41 тохиолдол гарсан нь бид бүхэнд маш ноцтой анхааруулга өгч байна.


Иймээс халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийн аюулгүй амьдрах, ажиллах, сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудынхаас илүүтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.


Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, команд штабын дадлага сургуулийг аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж ирсэн туршлага бидэнд байгаа.


Иргэд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор уг дадлага сургуулийг зохион байгуулснаар бид эрсдэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрхэн ажиллах арга барилаа зүгшрүүлэх, нөөц боломжоо тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудаа бодитойгоор ойлгож, шийдвэрлэх асуудлуудаа цэгцлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг нэн шуурхай авч ажиллана гэж үзэж байна" хэмээн тэмдэглэв.


Түүнчлэн уг дадлага сургуулийн үйл ажиллагааг анх удаа цахим хэлбэрээр бүх аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн албадтай холбогдон зохион байгуулж байгаа нь үндэсний хэмжээний дадлага сургуультай дүйцэхүйц түвшинд болж байгаад Улсын онцгой комиссыг онцгойлон сайшаалаа.





Холбоотой мэдээ