Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг тусгай хамгаалалтад өргөтгөн авахаар тусгасан "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Тогтоолын төслийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.
Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Ноён уулын хамгаалалтыг ангилал дээшлүүлж, улсын тусгай хамгаалалтад авах ажил олон жил яригдсаны эцэст биеллээ олж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдээс газрыг хэрхэн хүлээн авах, байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх, нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ноён уул орчимд олгогдсон 11 тусгай зөвшөөрөл анхнаасаа хууль зөрчигдөн явагдсан үйлдлийн үр дүн хэмээгээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэлээ. Тиймээс ойн экологи, эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг тогтоож, аж ахуйн нэгжүүдээр байгаль орчны нөхөн сэргээлтийг нөхөн төлүүлэх бөгөөд, бусад харилцааг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын газрыг 21670 га-аар орон нутгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг 2015 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Оюунгэрэл, Т.Рэнчинмядаг нар Ноён уул орчмын байгалийн нөөц газрыг 33498 га, дурсгалт газрыг 405,1 га талбайгаар тогтоосон аж.