ЗАВХАН: Энэ хавар ихэвчлэн шилмүүст мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-29 13:00:09

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийнхан энэ хавар 13575 шилмүүст болон навчит мод тарьжээ.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж жил бүр мод тарих иргэдийн тоо нэмэгдэж байна. 


Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хот суурин газрын ногоон байгууламж, өрхийн хашаанд 13575 ширхэг шилмүүст болон навчит модны суулгацыг тарьж, цэнэг усалгааг хийж байна. Аймгийн төв, Улиастай сумын төрийн албан хаагчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд хайлаасны суулгацаар ургамлын хашлага байгуулж мод тарилаа.


Мод тарих өдрийг угтаж тарьц, суулгац, мандлын цэцэг, үрийн үзэсгэлэн худалдааг уламжлал ёсоор зохион байгуулсан. Энэ үеэр иргэдэд мод тарих, цэцэрлэгт хүрээлэнд цэцэг тарих аргын талаар сургалт явуулж, дадлага ажил хийсэн нь онцлогтой болсон. Учир нь тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн хүн бүр мод бүрийн онцлог, тарих арга аргачлалыг манай мэргэжилтнүүд болон мод үржүүлгийн газрын туршлагатай хүмүүсээр газар дээр нь заалгасан юм. Өөрөөр хэлбэл мод тарих гэж байгаа хүн бүрд хэрэгцээтэй, хүртээмжтэй сургалт дадлага ажил болсон.


Манай аймагт сүүлийн жилүүдэд 5-6 төрлийн модыг иргэд аж ахуйн нэгж байгууллагууд тарьж байна. Тухайлбал цөлжилт, салхи, тоосжилтыг бууруулдаг. Хөрсийг бэхжүүлж элэгдлээс хамгаалдаг. Цэцэглэлтийн үед тоос хүртээгч шавж татаж биологийн төрөл зүйлд тустай буйлс мод тарьж байна.


Мөн агаар дахь тоос, утаа, хорт бодисыг шүүж цэвэршүүлдэг. Үндэсний тогтоц нь хөрсийг хамгаалж, борооны ус тогтоон барьдаг. Шувуу, шавж, бичил биетний экосистемийг дэмждэг монос модыг тарьж байна. Хот суурин газрын бичил уур амьсгалыг сайжруулж хөрс хамгаалж, шороо тогтоон барьж сүүдэр үүсгэж, шувууд болон шавжийн амьдрах орчин болдог гүйлс модыг тарих сонирхолтой байна.


Айл өрхүүд чацарганын болон голт борыг тарих сонирхолтой байна. Голт бор нь азот тогтоон хөрсний шим тэжээлийг нэмэгдүүлдэг төдийгүй шувуудын тэжээл болдог жимсээрээ экосистемийг дэмждэг. Цэцэг, навчаараа агаарын чийгшлийг нэмэгдүүлж, орчны тэнцвэрт эерэг нөлөөлдөг мод юм. Улиас, хайлаасыг аж ахуйн нэгжүүд тарих сонирхолтой байна. Ногоон массыг хамгийн хурдан бүрэлдүүлж агаарыг чийгшүүлж, цэвэршүүлэх ач холбогдолтой улиасыг их тарьж байна.


Улиасыг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 25, аравдугаар сарын 1-нээс хүйтэрч газар хөлдөх үе хүртэл хугацаанд тарьдаг.


Ургалтын эхэн үед ус их шаарддаг, усалгаа сайтай нөхцөлд маш сайн ургадаг. Нас бие гүйцсэн нэг улиас мод гэхэд жилд 30 гаруй кг тоос шороог навчныхаа гадаргууд хуримтлуулж агаарыг цэвэршүүлдэг. Энэ жилийн тухайд шилмүүст мод тарих эрэлт их байв. Шилмүүст модноос, хуш, шинэсний тарьцыг хүмүүс их сонирхон авч байна.

Манайхаас өрх бүрийг хашаандаа мод тарихыг зөвлөж уриалдаг. Иргэдийн хандлага сайжирсан байна. Учир нь жил бүр хашаандаа тарих модныхоо байгаль экологийн ач тусын талаар, арчилгааны онцлогийн талаар зөвлөгөө мэдээллийг авдаг болсон нь сайшаалтай.


Аймгийн хэмжээнд хаврын мод тарих ажил үргэлжилж байгаа. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд сумдын төв суурин газруудад тарьсан мод 24-89 хувийн ургалттай байна гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Мод үржүүлгийн газрууд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд оролцжээ 


Улиастай сумын төрийн албан хаагчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд хайлаасны суулгацаар 

ургамлын хашлага байгуулж мод тарилаа

Холбоотой мэдээ