УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-01 10:32:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.05 цагт эхэллээ. Хуралдаанаар 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, үдээс хойших хуралдаанаар Агаарын бохирдлыг багасгахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.  


Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар УЕП-ын мэдээллийг ирэх долоо хоногт сонсохоор хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн ХЭҮК-ын мэдээллийг сонсож, иргэдэд нэгдсэн зөв ойлголт өгөх шаардлагатай гэдгийг тодотгов.


УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын үүрэгт ажилд нь томилсон хугацаа дуусаад хагас жил өнгөрч буйг тэмдэглээд, УДШ-ээс орных нь хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн эсэхийг тодрууллаа. Мөн ҮХЦ-ийн сүүлийн үеийн дүгнэлтүүдийг ҮХЦ-ийн хугацаа нь дууссан гишүүд гаргаж байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчил байгаа хэмээн хардаж байгаа гэлээ. 


УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар, УДШ-д хоёр удаа албан бичиг хүргүүлсэн. Ингэхдээ, Үндсэн хуулийн манаач болсон ҮХЦ-ийн томилсон хугацаа нь дууссан гишүүнийг хуулийн дагуу ажиллуулж болохгүй гэсэн утгыг тусгажээ. Тус албан бичигт хариу ирээгүй аж. Үүнийг хууль зөрчсөн асуудал гэж үзэж байгаа тул ирэх долоо хоногийн ХЗБХ-ны хуралдаанд УДШ-ийн ерөнхий шүүгчийг байлцуулж, тайлбар авахаар төлөвлөж байгааг дуулгав. 


УИХ-ын дарга Г.Занданшатар, УЕПГ-аас 2019 оны 12 дугаар сарын 21-нд ажлын тайлан ирсэн тул ирэх долоо хоногийн  ХЗБХ-ны хэлэлцэх асуудлын хуваарьт оруулахын зэрэгцээ УДШ-ийн ерөнхий шүүгчийг байлцуулж, тайлбар мэдээлэл авахыг тус Байнгын хорооны дарга Х.Нямбаатарт чиглэл болгов. 


Ингээд чуулганаар, дараах хуваарийн дагуу асуудлыг хэлэлцэж эхэллээ.

 

1.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;  

2.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 

 3.Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/; 

 4.Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;  

5.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;  

6.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;   

7.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;  

8.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;   

9.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;  

10.Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;  

11.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 

 Үдээс хойших хуралдаан:  

Ерөнхий сайдын мэдээлэл /Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар/ сонсоно.

Холбоотой мэдээ