Хотын соёл, тохижилтод иргэдийн оролцоо чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-30 18:21:18

Ховд /МОНЦАМЭ/. Ховд хот үүсэн байгуулагдсаны 335 жилийн ой энэ онд болно. Үүнтэй холбогдуулан аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам талбайг засварлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд шат шатны байгууллага анхаарч ажиллах шаардлагатай гэж иргэд ярьж байна.

Өнгөрсөн жил аймгийн удирдлагууд нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан.

Харин энэ жил хог хаягдал, эзэнгүй нохойны асуудалд анхаарч ажиллахын зэрэгцээ хотын А бүсийн барилга байгууламжийн засвар, тохижилтыг сайжруулахаар төсөв санхүүгийн тооцоолол гаргаж, хэд хэдэн ажил төлөвлөсөн гэнэ.

Одоогийн байдлаар хотын соёл, өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж буй хэд хэдэн асуудал байна. Үүнийг фото зургаар баталгаажуулж,  иргэд олон нийтэд цувралаар ил тод, нээлттэй  танилцуулж эхэллээ. Зарим иргэн, аж ахуй нэгжүүд аймгийн төвд бүтээн байгуулалтын ажил хийхдээ асгаж овоолсон шороо болон хог хаягдал нэлээд үүсгэж байна.  Энэ нь хотын тохижилт, өнгө үзэмжид  сөрөг нөлөө үзүүлж буй.

 Тухайлбал, "Бадамлах дөл" ХХК-ийн дулааны станц өнгөрсөн 2019 онд 3.2 км шугам сүлжээнд засвар шинэчлэлийн ажил хийсэн. Тэд ажил хийсэн боловч эвдэлж, нураасан зам, талбайгаа дахин сэргээн засварлаж хэвийн байдалд нь оруулахгүй байсаар байна. Тийм учраас нэгдсэн халаалт зогсохоос өмнө буюу тавдугаар сарын 10-ны өдрийн дотор сэргээн засварлаж, хүлээлгэн өгөх үүрэг чиглэл өгсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн  айл өрхүүд хашаа, гудамж, байр, орон сууц орчны  цэвэрлэгээ  хийх, албан байгууллагууд 50 метр газрын тохижилтыг бүрэн  хариуцах  учиртай гэж  холбогдох байгууллагын мэргэжилтнүүд санууллаа.

Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн дуу хоолой,  санал санаачилга, хамтын оролцоо  чухал байна гэж албаныхан онцоллоо.

 

Холбоотой мэдээ