Хүүхдүүдийн зурсан цоохор ирвэсний зургаар хуанли хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-30 10:51:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа хамтран сурагчдын дунд “Уулын эзэн цоохор ирвэсээ хамгаалъя” сэдэвт цахим уралдаан зарлалаа.

Тус уралдаан нь цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч ан амьтдыг хамгаалахын ач холбогдлыг хүүхдийн дуу хоолойгоор томчуудад хүргэх, эх дэлхийгээ хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэх зорилготой юм.

Уралдаанд Толбо, Бугат, Буянт, Ногооннуур, Дэлүүн зэрэг газар нутагт нь цоохор ирвэс амьдардаг сумдын ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд ангийн сурагчид оролцох боломжтой. Зорилтот сургуулийн сурагчид өөрсдийн зурсан гар зураг, эсвэл видео шторкоо тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл “Уулын эзэн цоохор ирвэсээ хамгаалъя” фэйсбүүк бүлэгт тавих бөгөөд тусгай комисс хандалтыг нь харгалзан байр эзлүүлж урамшуулна.

Харин эхний байруудыг эзэлсэн хүүхдүүдийн бүтээлээр 2021-2022 оны нэн ховор амьтан ирвэсний сэдэвчилсэн хуанли хийх ажээ.

     

Холбоотой мэдээ