М.Тэргэл: Урлаг урлагийн дотроос хамгийн төгс нь балет
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Гоо сайхны урлагийн “охь” болсон балетын залуухан төлөөлөл болох Мэндбаярын Тэргэлтэй ярилцлаа. Тэрээр 20 настай. 13 настайдаа “Шелкунчик”-т тоглосон гээд бодохоор чамлахааргүй амжилтыг түүж яваа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Мэндбаярын Тэргэл гэдэг.
Өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн болохоор өвөөгөөрөө овоглодог. Эмээг маань
Алтанцэцэг гэдэг. Дорнод Их сургуулийн Монгол хэлний багш, Хэл бичгийн ухааны
доктор хүн бий. Аавыг Батбаяр, ээжийг Хулан гэдэг. Би дороо хоёр эрэгтэй
дүүтэй. Товчхондоо ийм.
-Дунд сургуулийн хэддүгээр ангиас Хөгжим бүжгийн
сургуульд явсан бэ?
-Хэрлэн сумын Улсын тэргүүний
Тавдугаар сургуульд тавдугаар ангиа төгстөл суралцсан. Хөгжим бүжгийн сургуульд
хүүхдүүдийг багаас нь шалгаж авдаг тухай сонсоод тэр зун нь өвөөтэйгээ
Улаанбаатар орж шалгуулсан юм.
-Тэгээд л шууд тэнцсэн үү?
-Шууд тэнцээгүй ээ. Таван онооноос
дөрвийг нь авсан. Хүүхдийн тоо нь хараахан гүйцээгүй байсан юм болов уу. Намайг
өвөл өвөө, эмээтэйгээ очиход хавар нь элсэлтээ аваад дуусчихсан, ерөнхийдөө
цэгцэрчихсэн байсан.
-Хөгжим бүжгийн сургуульд жинхэнэ өөрийн дур сонирхлоор
орж шүү дээ?
-Цэцэрлэгт байхаасаа бүжиглэж,
сургуульд ороод ч бүжгээ орхиогүй. Монгол, цэнгээнт гээд төрөл бүрийн бүжиг
бүжиглэдэг байсан. Энэ сонирхолдоо хөтлөгдөж Хөгжим бүжгийн сургуулийн босгыг
анх алхсан даа.
-Мэргэжлийн сургуулийн босго мэдээж өндөр л санагдсан
байх даа?
-Элсэлт нь дууссан байсан болохоор
тэр үү, намайг тун дурамжхан хүлээж авсан. Тийм болохоор намар хичээл эхэлтэл
гэртээ дасгал сургуулилтаа тасралтгүй хийж, үнэхээр их хичээж байсан.
-Тэр үед сонгодог урлаг тэр дундаа балетын талаар ямар
ойлголттой байв?
-Арван настай хөдөөний охины хувьд
сэтгүүл дээрээс зураг харснаас бусдаар сонгодог урлаг, балетын талаар өөр ямар
ч ойлголтгүй “нялх”-аараа очиж байсан.
-Хамгийн анх ямар балет үзэв?
-Дуурь бүжгийн эрдмийн театрын
примадонна Г.Цолмон манай анги удирдсан багш л даа. Багшийнхаа тоглолтуудыг
тасралтгүй үздэг. Сонгодог урлагийн гол төлөөлөгч, олон сайхан дүрийг бүтээсэн
хүн. Хамгийн анх багшийнхаа тоглосон “Жизель”-ийг үзэж, балетын урлагийн “амт”-ыг
мэдэрсэн.
-Одоо балетын урлагаас юу нь илүү таалагддаг вэ?
-Урлаг урлагийн дотроос хамгийн төгс нь балет шүү дээ. Олон зууны түүхтэй, сонгодог гэдгээрээ гайхагддаг. Баргийн хүн ард нь гарч амжилтад хүрдэг төрөл биш. Гоё сайхныхаа хэрээр “харгис” гэж хэлж болно.
-“Харгис” гэдэг нь?
-Балет бусад урлагаас хамгийн их
золиос шаарддаг. Биеийнхээ бүх яс, булчин, шөрмөс, эд эсээ нэгэн зэрэг
ухаанаараа залж удирдаж, өөрийн торгон мэдрэмжээр дамжуулан илэрхийлж
бүжиглэдэг. Тийм болохоор наад зах нь жин барихаас эхлээд хөл гарнаасаа цус
шүүртэл, арьс махаа цэврүүттэл бэлтгэл сургуулилт хийнэ. Бие сэтгэлийн хувьд
дээд зэргийн тэсвэр хатуужлыг шаарддаг. Өвдөж зовсон, ар гэрт нь ямар ч хүнд
асуудал үүссэн, ер нь ямар ч шалтгаантай байсан тоглолтыг тасалж болохгүй хатуу
“хууль”-тай. Хүүхэд төрүүллээ гэхэд тав, арван жилийн хөдөлмөр тэр чигтээ үгүй
болно гэсэн үг. Бие хаа нь эвдрэхээс эхлээд булчинлаг байдал нь алдагддаг. Хүүхэд
төрүүлсний дараа өөр хүний биед орсон юм шиг болдог гэж ярьдаг юм билээ. Бүр дээхэн
үеийн хатуу чанга шаардлагатай харьцуулах юм бол одоо арай зөөлөрсөн л дөө.
-Тайзан дээр хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг зүйл юу вэ?
-Тоглолтоо маш сайн амжилттай
дуусгаад ёслох тэр үе хамгийн гоё. Санаа зовж байсан хөдөлгөөнөө зөв
гүйцэтгэсний дараа цаанаасаа л аз жаргалтай болчихдог. Зорилгодоо хүрэх их гоё.
-Ямар гол дүр бүтээв?
-13 настайдаа “Шелкунчик”-т Машагийн
дүрийг бүтээсэн.
-“Хунт нуур”-ын Одеттагийн дүрийг хэзээ бүтээх бол?
-Одоо бол олон хунд нь багтаад явж
байна. Гол дүр бүтээх өдөр ирэх байх аа.
-Манайхан ер нь балет хэр үздэг юм бол?
-Одоо үзэгчдийн соёл их өөр болсон
шүү. Танхим дүүрдэг болсон. Хаана, юунд ирснээ ойлгохгүй унтаж байгаа хүн мэр
сэр бас бий. Их муухай харагддаг.
-Балетын урлагаас хүн юу авах ёстой
вэ, хүнд юу өгдөг юм бол?
-Сахилга бат, дэг журам, цэвэр
цэмцгэр байдал гээд юу олж харна, тэр бүхнийг өгч байна гэсэн үг. Балетчин хүн
гудамжинд алхаж яваа нь хүртэл өөр шүү дээ. Нуруу тэгш, дээгүүр харж байдаг шүү.
-За баярлалаа. Амжилт хүсье.