Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулахыг гишүүдийн олонх дэмжив.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын багийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулсан. Уг ажлын багийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Төсөлд, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тариалах, үйлдвэрлэхийг хориглох болон импортын стандартыг тогтоох тухай, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд тавих хяналтын тухай заалтыг тусган боловсруулжээ. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортод тавих хяналтыг мөн энэ хуулиар зохицуулахаар тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар, иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, найрлагадаа хувиргасан амьд организм агуулсан буюу генетикийн өөрчлөлттэй хүнс хэрэглэснээр урт хугацааны дараа илэрч болзошгүй эрсдэлээс сэргийлэх аж.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Дэлхий нийтээрээ хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдахыг хориглох хандлагатай болсон энэ цаг үед хуулийн төслийг эргэн харах шаардлагатайг дурдаад төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын багийн шалгалтын дүнг танилцуулах байсан ч, хэлэлцэх асуудлыг түр хойшлууллаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нар “Ажлын баг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр газар тариалангийн бүс болох Сэлэнгэ, Дархан -Уул, Төв аймагт ажилласан хэдий ч холбогдох тоо баримтууд зөрүүтэй байгаа тул санал, дүгнэлтээ нэгтгэх шаардлагатай” байгааг онцлоод энэ долоо хоногтоо багтаан УИХ-ын чуулганы хуралдааны завсарлагаанаар Байнгын хороог хуралдуулах саналтай байгаагаа илэрхийлэв.