Элсэлтийн ерөнхий шалгалтад 991 суралцагч хамрагдана

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-28 11:59:41

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 997 хүүхэд 12-р анги төгсөх бөгөөд 991 нь ЭЕШ-д орохоор бүртгүүлсэн байна.

Бүртгэлийн хугацаанд хоцорсон, амжаагүй зэрэг ямар нэгэн асуудал гараагүй байна. Улс орон даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, онцгой нөхцөлд ЭЕШ-ын бэлтгэл ажлыг хянах, зөвлөмж өгөх чиглэлээр аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүднээс бүрдсэн ажлын хэсэг 14 суманд ажиллаад иржээ.

Давхардсан тоогоор, арван хичээлээр 2951 хүүхэд шалгалтад орохоор бүртгүүлжээ. Тодруулбал, математикийн хичээлээр хамгийн олон буюу 677, нийгмийн тухай мэдлэгээр 569 хүүхэд шалгуулахаар бүртгүүлсэн байна. 

Сумдад ажилласан багийнхны хэлж байгаагаар мэргэжлээ сонгосон хүүхдүүд идэвхтэй хичээллэж байна. Бүх хүүхдийг идэвхтэй байна гэж хэлэх боломжгүй гэлээ. Хүүхдийн өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарах ч нөгөө талдаа багш нарын чиглүүлгээс хамаарч үр дүн гарна. Иймд хүүхдүүдийн хичээл сонгох, бэлтгэл хангуулах тал дээр эхнээсээ багш нараа үүрэгжүүлсэн. Одоо ч багш нараа хариуцлагатай байлгах тал дээр анхаарч ажиллаж байна гэдгийг онцолж байсан юм.

Холбоотой мэдээ