Хог, хуучин хувцас, өнжмөл өвсөө шатаах гэж байгаад гал алдах нь ихэсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-27 20:07:00
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хуурайшилтын үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.


Сүүлийн өдрүүдэд иргэд хог, хуучин хувцас, хашаан дахь өнжмөл өвсийг шатаахдаа гал алдах нь ихэсжээ. Тухайлбал, Өвөрсогоотын аманд 6 га газар, Яргайтын задгайд 1 га, Жаргалантын аманд 2.5 га, Соёмботой уулын 10 га газар, Сүүл даваанд 6 га газар, Арцатын аманд 8 га, Зайсанд 2.5 га газрын хамарсан гал түймрийг унтраахад 300 орчим алба хаагч дайчлагдсан байна.


Хотын захирагч “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед болгоомжгүйгээсээ болж гал түймэр гаргаж, алба хаагчдын ачааллыг улам нэмэгдүүлэхгүй байхыг иргэд та бүхнээсээ хүсье. Анхаарал болгоомжтой байж, бие биедээ хяналт, шаардлага тавих хэрэгтэй” хэмээгээд Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад авто мотоциклийн клубууд, сонирхогчид, иргэд, залуучууд олноороо ирж, онцгой байдлын алба хаагчдад эх оронч сэтгэлээр тусалсанд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ