АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө нэмэгджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-24 11:19:18

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа хэдий ч Жефф Безос, Илон Маск зэрэг Америкийн тэрбумтнууд сүүлийн саруудад хөрөнгөө нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж чаджээ. Энэ тухай  Америкийн “Institute for Policy Studies” төрийн бус байгууллагын илтгэлд дурдсан байна. Судлаачид уг илтгэлдээ АНУ-д орлогын тэгш бус байдал өндөр байгааг онцолжээ. 

2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 10-ны хооронд АНУ-ын 170 тэрбумтны 34-ийнх нь хөрөнгө хэдэн арван сая ам.доллароор нэмэгджээ. Орлого нь нэмэгдсэн хөрөнгөтнүүдээс 8 хүнийх нь хөрөнгө 1 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Тэдний дотор “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос, түүний гэргий байсан Маккензи Безос, “Zoom” үйлчилгээг үүсгэн байгуулагч Эрик Юань, “Microsoft”-н гүйцэтгэх захирал асан Стив Балмер нар багтжээ. Түүнчлэн “Tesla” компанийн тэргүүн Илон Маск, бизнес эрхлэгч Жон Альберт Собрато, Жошуа Харрис, Рокко Коммиссо нар орсон байна. 

Дээр дурдсан хугацаанд Ж.Безосын хөрөнгө 10 тэрбум ам.доллароор нэмэгджээ. “Жижиг бизнес эрхлэгч хэдэн зуун мянган компани хаалгаа барьж байгаа нь “Amazon” компанид зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж, нийлүүлэлтийн хэлхээн дэх байр сууриа бэхжүүлэх боломжийг олгохын сацуу үнэ тогтоох илүү их эрх мэдлийг өгч байна” хэмээн илтгэлд цохон тэмдэглэжээ.


Харин И.Маскын хөрөнгө 5 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. “Tesla” компани хиймэл амьсгалын аппарат гаргах болсон нь түүний хөрөнгө ийнхүү нэмэгдэх үндэслэл болжээ. Эрик Юанийн хөрөнгө 2.58 тэрбум ам.доллароор нэмэгдсэн бөгөөд түүний  “Zoom” үйлчилгээг энэ оны эхний саруудад өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илүү олон хүн ашигласан байна.


Холбоотой мэдээ