Улс төрийн таван нам сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн таван нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд өнөөдөр хүргүүллээ.
Тодруулбал, Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам хүсэлтээ хүргүүлсэн юм. СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс 2-оос илүүгүй төлөөлөл нь ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, асуумж бөглөх шаардлага тавьсан байна.
Ташрамд дурдахад 15 нам, 4 эвсэлийн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлснээс өнөөдөр тав нь СЕХ-нд хүсэлтээ гаргаж буй юм. Бусад нам, эвсэл энэ сарын 25-наас өмнө СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ.