С.Ундрах: Хөдөлмөрийн зах зээлд дээд боловсролтой мэргэжилтнээс энгийн ажил мэргэжлийн эрэлт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-24 16:57:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их, дээд сургуульд элсэн орох цаг ойртож байна. Төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй мэргэжил, ажлын байрны мэдээлэл өгөх үүднээс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрахтай ярилцлаа.


-Аймгаас энэ жил ЭЕШ өгөх мянга гаруй хүүхэд байна. Бүгд л ямар нэг байдлаар их, дээд сургуулийн хуваарь авч, эцэст нь дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх вий гэдгээс болгоомжлоод мэдээлэл, зөвлөгөө хүргэх гэсэн юм. Аймагт ямар ажил, мэргэжил эрэлттэй байгаа вэ?

-Манайд бүртгэгдсэн мэдээллээс харахад жилд дунджаар 1500-1700 орчим байнгын ажлын байр гарч байна. Түр ажлын байртай нийлээд жилд 2500 орчим ажлын байр шинээр бий болдог. Сүүлийн арваад жилд уул уурхайн салбар дахь ажлын байрны эрэлт их байсан бол одоо энэ салбарт бараг орон тоогүй, харин барилгын салбарт ажлын байр тасралтгүй гарч байна. Ялангуяа барилгын засал чимэглэл, туслах ажилтны эрэлт өндөр байдаг.

Нийлүүлэлт талаас авч үзвэл оюутнууд эдийн засаг, инженер, хууль, эрхзүй гэсэн мэргэжлээр давамгай суралцаж байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр энэ чиглэлийн ажлын байранд орон тоо бараг гардаггүй. Манайхаас жил болгон 1700 орчим иргэнийг ажлын байранд зуучилдаг. Зуучлагдсан ажлын байрны дийлэнх хувь нь барилга, хөдөө аж ахуй, нийтийн хоолны салбарт гарч байна. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлд дээд боловсролтой мэргэжилтнээс энгийн ажил мэргэжлийн эрэлт их байна гэдэг дүр зураг харагдаад байгаа юм.

-Танай байгууллагаас 2018 онд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийж байсан. Үүний үр дүн, чиг хандлагаас мэдээлэл өгнө үү?

-Ойрын гурван жилийн буюу 2019-2021 оны хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлсон юм. Судалгаагаар 2019 онд 1255, 2020 онд  939, 2021 онд 710,  нийт 2819 ажлын байрны эрэлт гарна гэсэн урьдчилсан төлөв гарсан.

Ажил мэргэжлийн хувьд ангилаад үзэхэд дээд боловсролоор олгогддог мэргэжил шаардсан ажлын байрны эрэлт харьцангүй бага буюу 24.5 хувь байсан бол мэргэжил шаардахгүй, энгийн ажлын байрны эрэлт 36.7 хувь, техникийн болон тусгай мэргэжлийн ажлын байрны эрэлт 38.9 хувь байхаар төлөв гарсан. Техникийн болон энгийн ажил мэргэжлийн ажлын байр 70 орчим хувийг эзэлж байна. Эрэлттэй ажлын байрны 66.9 хувь нь байнгын, 30.1 хувь нь улирлын гэсэн чиг байгаа.

Мөн  2019-2021 онд нийт төсөвт байгууллагуудаас хэдэн албан хаагч тэтгэвэрт гарч, ямар ажил, мэргэжлийн эрэлтүүд үүсэх вэ гэдгийг судалгаандаа авч үзсэн. 3 жилийн хугацаанд 431 ажлын сул байр бий болохоос дийлэнх нь эрүүл мэнд, боловсролын салбарт байгаа юм. Эрүүл мэндийн салбарт сувилагчийн, боловсролын салбарт дуу хөгжмийн багшийн хомсдол бий. Гэхдээ боловсон хүчнээ бэлдэх тал дээр салбарууд анхаарч байгаа.

-Өвөрхангайд жилд хэчнээн оюутан сургуулиа төгсөөд ирдэг бол. Тэднийг мэргэжлийнхээ дагуу ажлын байраар хангагдаж чаддаггүй гэж ойлгож болох уу?


Манайд жилд 1600-1800 иргэн ажил хайгчаар идэвхтэй бүртгүүлдэг. Тэдний 22-27 орчим хувь нь дээд боловсролтой залуучууд байдаг юм. Зарим үед, онцгойлон 9 дүгээр сард дээд боловсролтой ажил хайгчдын эзлэх хувь өсөөд ирдэг. 2018 онд нийт 985 иргэн ажил хайж бүртгүүлснээс 203 нь дээд боловсролтой байна. 2019 онд 1165 ажил хайгчаас 194 нь, 2020 оны эхний улиралд 1381 ажил хайгч бүртгүүлснээс 245 нь дээд боловсролтой залуучууд байгаа.


Бид 2021 онд хөдөлмөрийн зах зээлд гарч ирэх оюутнуудын ажил мэргэжлийн судалгааг одоо сурч байгаа оюутнуудад түшиглэж хийсэн. Тэгэхэд тэдний ихэнх нь мөнөөх л эдийн засаг, хууль эрх зүй гэсэн нийтлэг мэргэжлүүдээр суралцаж байна. Төгсөх оюутнуудаас орон нутагтаа ирж ажиллах хүсэл, сонирхолтой эсэхийг асуухад 30 орчим хувь нь “Аймагт ажлын байр хомс, ажиллаж, амьдрах орчин нөхцөл таатай биш” гэсэн хариулт өгсөн бол  “Орон нутагтаа очиж ажиллах сонирхолтой ч ажлын байрны хангалт муу” гэсэн хариултыг мөн 30 гаруй хувь нь хэлсэн.

Их, дээд сургуулиа төгсөөд аймагтаа ирсэн хүүхдүүд мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэхийг төрийн албаны сонгон шалгаруулалтаас харж болно. Төрийн албаны сул орон тоо манайд бүртгэгддэггүй. Яагаад гэвэл шинэ ажлын байр биш, хуучин орон тоон дээр хүний сэлгэлт хийж байгаа хэрэг юм.  Ер нь хөдөлмөрийн зах зээлийн урсгалд хувийн хэвшил илүү давамгай, тодорхой харагдана. Өөрөөр хэлвэл, ажлын байрны эрэлт нь энгийн учраас зуучлал ч гэсэн энгийн ажил мэргэжил дээр л гарна гэсэн үг.

-Судалгааны дүн болон бүртгэлтэй ажлын байрнаас харахад их, дээд сургуульд боловсрол эзэмших хэрэг байна уу гэж санагдаж байна. Гэтэл ихэнх хүүхэд бөөн өр, зээл тавиад дөрвөөс дээш жил суралцаж байгаа.

-Ер нь улсын хэмжээнд дээд боловсролтой ажил хайгчдын ажлын байрны хомсдол үүссэн. Энэ бол ажил мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүдийн хувьд анхаарах ёстой асуудал. Гэтэл ажил олгогчдын зүгээс худалдагч, няравын ажилд дээд боловсролтой хүн авна гэх шаардлага тавьдаг. Дээд боловсрол нь тухайн хүний төлөвшилд тодорхой хувь нэмэр оруулсан гэдэг өнцгөөс л тийм шаардлага тавиад байдаг юм болов уу даа. Дээд боловсрол эзэмшсэн хүн ажлын байртай болохын тулд энгийн ажил мэргэжлийн ур чадвар эзэмших, давхар суралцах байдал ажиглагдаж байна.
-Их, дээд сургуульд биш Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д сурсан нь илүү гэж хэлж болох уу?

-Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин бэлтгэж байгаа газар бол МСҮТ. МСҮТ-ийг төгсөгчдийн ажлын байрны хангалт ч сайн байдаг. Гэхдээ манай судалгаагаар МСҮТ-ийг төгссөн хүүхдүүдийн ур чадварыг хангалттай сайн гэж үнэлээгүй. Тийм учраас багш, сурагчдын ур чадвар, ажил мэргэжлийн асуудлыг бодлогын түвшинд анхаарч, Политехникийн коллеж болгосон. Тиймээс цаашид ахиц, өөрчлөлт гарна гэж бодож байна.

-Ажил олгогч, ажиллах хүчний дунд ямар асуудал, бэрхшээл үүсдэг вэ?

-Ажил олгогчид ажилтнаа тогтвортой ажиллуулахад ямар бэрхшээл гараад байна вэ гэсэн судалгааг явуулахад 67 хувь нь ажилтныхаа ур чадвар, хариуцлагыг голсон. Ажил олгогчийн зүгээс тухайн хүний ажилдаа хариуцлагатай хандах, ажлын цагийг нягт баримтлах гэх мэт зөөлөн ур чадварт анхаарал хандуулдаг.

Нөгөө талаас ажилтан хэлэхдээ “хувийн хэвшил нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлдөггүй, цалингаа цаг тухайд нь өгдөггүй, үүрэгт ажлаас гадна олон төрлийн ажлыг хийлгэдэг, ажлын цаг хэтрэлттэй” гэх асуудлыг ярьдаг юм.

Энэ үл ойлголцолыг шийдвэрлэхээр Хөдөлмөрийн байгууллага нэлээн хичээж ажилладаг. Мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтраад жил бүр “Элсэлт-сургалт-ажлын байр” гэсэн түншлэлийн уулзалтыг зохион байгуулж байна. Мөн “Нэг өрх - Нэг ажлын байр” гэсэн хөтөлбөрийг гаргаж, ажилд зуучлагдаж байгаа иргэнийг ажилд орсоных нь дараа гурвалсан гэрээ байгуулаад ажилтны хувийн хэрэг гэсэн дэвтэр нээж, нэг удаа ажлын хариуцлага алдвал яагаад гэдгийг судалж үзье, үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгоё, тэгвэл ажлын байр тогтвортой хадгалагдах юм болов уу гэсэн арга барилын өөрчлөлт хийх гээд үзээд л байна. Гэвч онцгой үр дүн өгөхгүй л байна.

 

 

Холбоотой мэдээ