Н.Энхбаяр: Газрын тосны үнэ эргээд өсөхөд ойрхон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-22 11:18:20
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом унаж хасах руу орсон учир манайд ч үнэ буурах ёстой гэсэн бодол иргэдийн дунд байна. Гэвч олон улсын түүхий эдийн зах зээлийг ганц өгүүлбэр, нэг тоогоор бус арай дэлгэрэнгүйгээр авч үзвэл байдал өөр байгааг эдийн засагч, судлаач Н.Энхбаяр онцоллоо.


Олон улсын зах зээлд газрын тосны үнэ байнга хэлбэлзэж байдаг, ялангуяа өнөөгийн ийм хүндрэлтэй цаг үед ойр ойрхон хэлбэлзэх нь тодорхой.


"ОУВС дэлхийн эдийн засаг энэ онд -3 хувийн уналттай гарч болзошгүй байгааг танилцуулсан бөгөөд олон улс оронд хөл хорио тогтоох арга хэмжээ авсны улмаас газрын тосны хэрэглээ буурсан.


Ирэх 5-р сард нийлүүлэх, АНУ-ын түүхий эдийн зах зээлд арилжаалдаг хөнгөн чанарын WTI төрлийн газрын тосны үнэ хасах руу орлоо. АНУ-аас нийлүүлэгдэх газрын тос Хойд болон Төв, Өмнөд Америк, магадгүй Европт л харьцангуй хямд тээврийн зардалтай хүрч болзошгүй. Харин Азийн улс орнуудад Ойрх Дорнодын газрын тос нийлүүлэгчдээс түүхий эдээ авах нь илүү хямд зардалтай. WTI газрын тосны 5-р сард нийлүүлэх түүхий тосны үнэ огцом буурсан боловч харин 6-р сард нийлүүлэх үнэ аажим буурч байна.


Улс орнууд хориогоо аажмаар сулруулахад, мөн АНУ-ын газрын тос олборлогчдын агуулах сав бага зэрэг чөлөөлөгдөхөд энэ төрлийн тосны үнэ эргээд өсөхөд ойрхон байна" хэмээн судлаач дүгнэв.

Холбоотой мэдээ