АНУ-д импортын зарим татвар, хураамжийг 90 хоногоор хойшлуулна

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-04-20 11:49:51

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын зарим компанийн импортын татвар төлөх хугацааг гурван сараар хойшлуулна гэж тус улсын Сангийн яам ням гарагт мэдээлжээ. Энэхүү арга хэмжээ нь коронавирусний цар тахлын улмаас хохирол амсаж буй компаниудыг дэмжих зорилготой юм.


АНУ-ын Сангийн яамны мэдээлэлд тэмдэглэснээр, “дээрх арга хэмжээ нь коронавирус тархсаны улмаас санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан импортлогчдод хамаатай аж".


“Зарим татвар, хураамжийг төлөх эцсийн хугацааг 90 хоногоор хойшлуулж, бид ихээхэн хохирол амссан Америкийн аж ахуйн нэгжүүдэд зайлшгүй шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Энэ нь АНУ-ын ажлын байрыг хамгаалах бөгөөд компаниудад хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь тусална” гэж тус улсын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ. “Энэхүү арга хэмжээ нь антидемпинг болон нөхөн төлбөрийн татвар авдаг бараа бүтээгдэхүүний татвар, хураамж төлөх хугацаанд хамаарахгүй” гэдгийг Сангийн яамны мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.


“The Washington Post” сонинд мэдээлснээр, коронавирус тархсаны улмаас АНУ-ын улсын өр болон тус улсын корпорацуудын өр энэ жил хамгийн дээд хэмжээнд хүрэх бөгөөд энэ нь цар тахал өнгөрсний дараа эдийн засагт эрсдэл учруулна гэж шинжээчид үзэж байна. Шинжээчдийн урьдчилан таамагласнаас үзвэл, АНУ-ын төсвийн зарлага орлогоосоо 4 их наяд ам.доллароор давах аж. “The Washington Post” сонинд тэмдэглэснээр ийм үзүүлэлт 1945 оноос хойш ажиглагдаагүй байна.


Холбоотой мэдээ