Түргэн тусламжийн төвд амны хаалт, халдвар хамгааллын хувцас хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон “Эерэг тэмүүлэл” ТББ-ын байгууллагынхан өнөөдөр нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллалаа.
Энэ үеэрээ 2000 ширхэг нэг
удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын
хувцас, 36 ширхэг нүүрний хаалт хандивлав.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран “Хот соёлтой болгоё”
аяны хүрээнд “Эртэч Монгол” хөтөлбөрийг зохион байгуулжээ. Уг хөтөлбөрийг
“Эрүүл Монгол 10.000 маск” уриатай хэрэгжүүлж буй бөгөөд эхний ээлжинд цугласан
амны хаалт, халдвар хамгааллын хувцсыг ийнхүү гардуулж байгаагаа нийслэлийн Гэр
бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул хэллээ.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш хүнд нөхцөл байдалд ажиллаж буй эмнэлгийн албан хаагчдыг дэмжиж хандив өргөж байгаад талархал илэрхийлээд, “Иргэд эрүүл мэндийн газраас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй. Эмч мэргэжилтнүүд бид иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэх болно” гэв.



