БНХАУ-д "COVID-19" халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-14 12:45:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр,  2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагийн байдлаар дэлхий даяар шинэ коронавирусний халдвараар 119 666 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 1 919 913-д хүрсэн бол 449 589 хүн эдгэрчээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд халдварын тархалтыг хумихаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээий талаар танилцууллаа.

БНХАУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын тохиолдол 108 бүртгэгдсэнээс 98 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Тус улсад зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдсээр байгаа тул хүн амын дунд халдварын хоёр дахь давалгаа бий болж болзошгүй гэж БНХАУ-ын эрх баригчид үзэж байна. Тиймээс хилийн хяналтыг чангатгах арга хэмжээ авч байна. Ялангуяа ОХУ-тай хиллэдэг зарим хот, тухайлбал Харбин хотод шинээр бүртгэгдсэн 56 тохиолдлын 49 нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа тул хилээр орж ирж буй зорчигчдод 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Эхний ээлжинд зорчигчдыг тусгайлан бэлтгэсэн байранд 14 хоног байлгаж, хоёр удаа нуклейн хүчлийн шинжилгээ, нэг удаа эсрэг бие илрүүлэх шинжилгээнд хамруулах бөгөөд хөл хорионы хугацаа дуусахад 14 хоног гэрийн хорионд үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 558 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тус улсын Шадар сайдын мэдээлснээр, улсын хэмжээнд халдвар өдөрт 16-18 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд халдвартай өвчтөнд дэлгэх орны тоо 40 мянга гаруй байгаа бөгөөд энэ тоог даруй 95 мянгад хүргэх боломжтой гэж мэдээлсэн байна. ОХУ-д өнөөдрийн байдлаар 148 нас баралт бүртгэгдээд байна.

Итали, Испани, Франц улсад нас баралт буурах хандлагатай байна.  Францын Ерөнхийлөгч хөл хоиог 5 дугаар сарын 11-нийг хүртэл сунгасан байна.

Турк улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4000 гаруй тохиолдол, нас баралт 98 бүртгэгджээ. Энэ хугацаанд 34 мянган хүнд шинжилгээ хийжээ.

ХБНГУ-д нийт халдвар авсан хүний тоо 123 мянга гаруйд хүрч, нас баралт 2799 бүртгэгдсэн байна. Өвчилсөн иргэдийн дийлэнхийг 15-59 насныхан эзэлж байна. Нас баралтын 80 хувийг 70-аас дээш насныхан эзэлсэн байна. Тус улсад аль болох зайнаас харилцах, 2-оос дээш тооны хүн цуглахгүй байх, гадаа задгай орчинд 1.5 метрээс дээш багагүй зайтай байх, гаднаас ирж буй зорчигчдыг 14 хоногийн хугацаанд хөл хорих, бар ресторан зэрэг олон нийтийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг хаах зэрэг арга хамжээ авч байгаа аж.

 

 

 

 

Холбоотой мэдээ