Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-13 16:06:36

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Тус хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Асуудлын эхэнд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу шинээр 2020 оны улсын төсөвт суусан хөрөнгө оруулалттай холбоотой газар чөлөөлөх, тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг данснаас хасах, актлах, үнэ тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.

Тухайлбал, Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн 960 хүүхдийн суудалтай хичэээлийн шинэ барилга барьж байгаа. Ирэх 06-р сарын 01 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Зураг төсөвт гаднах биеийн тамирын талбай, гадна тохижилтын ажил туссан. Биеийн тамирын талбайг барихад тус сургуулийн хуучин сургуулийн барилгыг нурааж газрыг чөлөөлөх юм. Энэ удаагийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, 1957 онд ашиглалтад орсон, чулуун бетонон суурьтай, чулуун тоосгон ханатай, модон хучилттай хуучин барилгыг газар, чөлөөлж нураах шийдвэр гарлаа. Энэ барилга нь МХГ-ын улсын байцаагчийн 2010, 2013, 2014 оны дүгнэлтүүдээр ашиглах боломжгүй гэж гарч байжээ.   

Мөн 2020 оны сонгууль 6-р сарын 24-нд товлогдсон. Тэгвэл аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүмүүсийн саналыг энэ хурлаар хэлэлцэж, дэмжээд СЕХ-д хүргүүлэхээр боллоо. Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүмүүст үндсэн хоёр шалгуурыг тавьдаг байна. Сонгуулийн хороонд ажиллах эрх бүхий сертификаттай байх, мөн аймгийн сонгуулийн хороонд орж ажиллаж байсан ажлын туршлагатай байх ёстой. Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидыг, нарийн бичгийн даргаар 1-р сургуулийн багш Ц.Цэрэнбалжидыг есөн гишүүний нэрийн хамт дэмжсэн юм.

Энэ удаагийн хурлаар мөн Нутгийн удирдлагын байгууллагын 27 жилийн ойг тохиолдуулан нутгийн удирдлагын байгууллага, шат шатны иргэдийн төлөөлөгчдийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан аймаг, сумдын хурлын төлөөлөгч, хурлын нарийн бичгийн дарга нарын зэрэг 20 гаруй хүнийг төрийн дээд одон медалиар шагнахаар тодорхойлж, Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ