Д.Баттөр: Гурав дахиа тусгаарлагдаж буй нисгэгч ч бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-13 12:24:12
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК-ийн өнөөгийн нөхцөл байдлын тараар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс тодрууллаа.


-"COVID-19" цар тахалтай холбоотой тээврийн компаниудын үйл ажиллагаа доголдож байна. МИАТ компанийн нөхцөл байдал ямар байна вэ? 


-Манай компани орлогынхоо 93 хувийг нислэгээс бүрдүүлдэг. Гэтэл одоо хаашаа ч нислэг үйлдэхгүй байгаа учир ямар ч орлогогүй байна. Нөгөө талаас онгоц нисэх эсэхээс үл хамааран ихээхэн хэмжээний зардал гарч байдаг. Манай онгоцнуудын сарын түрээс их өндөр. Онгоцонд хэдэн жилийн дараа хийх техникийн үйлчилгээний нөөц сан бүрдүүлэх ёстой. Мөн даатгалын зардал, ажилчдын цалин зэрэг нислэгээс үл хамаарах зардал нийт зардлын 70 хувийг эзэлдэг. Онгоц нисэхгүй байсан ч энэ зардал гарч байдаг гэсэн үг юм. Агаарын тээврийн компаниуд ойролцоогоор 2 сарын төлбөр бүрэн төлж чадах хэмжээний хөрөнгөтэй байх ёстой. МИАТ өмнө нь сарын нөөцтэй байдаг байсан. Гэтэл 2 сар нисэхгүй зогссон учир нөөцөө хэрэглээд дуусч байна.


-Мөнгөн дүнгээр хэчнээн хэмжээний алдагдал хүлээгээд байна вэ?


-Нэгдүгээр улирлын дүн гарсан. Бид 90 тэрбум төгрөгийн орлого олох ёстой байсан ч 50 орчим тэрбум төгрөгийн орлого тасраад байна. Түүнчлэн тусгай үүргийн нислэг хийхэд онгоцны агаарын шүүлтүүр солих, зорчигчдод 2 цаг тутамд амны хаалт өгөх, ариутгал хийх зэрэг маш олон жижиг зардлууд гарч байна. Энэ зардал 50 орчим тэрбум төгрөг болж байгаа. Нийтэд нь үзэх юм бол 100 орчим тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна.


-МИАТ компанид үйлчилгээнд гарах боломжтой хэдэн онгоц байгаа вэ. Эдийн засгийн алдагдлаа нөхөхийн тулд гадагшаа ачаа тээвэрт явах боломж хайж байгаа гэсэн. Энэ асуудал шийдэгдсэн үү? 


-Манайх таван түрээсийн онгоцтой. Зардлаа хэмнэх үүднээс хоёр онгоцоо агаарын биш газрын даатгал болгосон. Нисэхгүй байгаа гэдэг утгаараа арай бага мөнгө төлж байна. Гадагшаа ачаа тээвэрт явах тендерт олон агаарын тээврийн компаниуд оролцож байгаа. Дэлхийн томоохон компаниуд ч суудал дээрээ ачаа ачаад явж байна. Манай онгоцны овор хэмжээ багаддаг юм уу, тээвэрлэх үнэ ихэдсэн юм уу одоогоор шийдэгдсэн зүйл алга. Гэхдээ бид энэ чиглэлээр ажиллаж байна. 


-Ажилчдын цалинд өөрчлөлт орсон уу? 


-Юуны өмнө ажилчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Гүйцэтгэх захирлаас эхлээд хүн бүр 60 хувиар цалинжиж байгаа. 140 орчим хүнийг цалингүй чөлөөтэй амраасан. Бага цалинтай 50 гаруй үйлчилгээний ажилчдынхаа цалинг 100 хувь өгч байгаа. Нэг ёсондоо манай компанийн ажилчид бүтэн цагаар, тал цалинтай ажиллаж байна. 


-Гадаадаас иргэдээ татах тусгай нислэгийн багт 10 орчим хүн явж ирээд тусгаарлагдаж байгаа. Нислэг үйлдэх хүний нөөц ямар байгаа вэ? 


-Манайх 54 нисгэгчтэй, 100 гаруй үйлчлэгчтэй. Нисгэгчид дунд маань 3 дахь удаагаа тусгаарлагдаж байгаа хүн ч байна. Тусгай нислэгийн хуваарийг нарийн тооцоолж байгаа учир хүний нөөцийн хомсдол үүсэхгүй. 

Холбоотой мэдээ