Ажил хайж буй иргэдийн 58.7 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн иргэд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-13 11:10:07
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга болжээ. Өнгөрсөн сард 4.4 мянган хүн шинээр бүртгүүлсний 58.7 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна гэж ҮСХ-ноос мэдээллээ. 


Нийт ажил хайгчдын 19.4 (61.0%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.4 (39.0%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. 


Улсын хэмжээнд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 937 (17.5%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.2 (32.4%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 220 (24.5%) хүнээр өсжээ. Ажилгүй иргэдийн 17.1 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Хэнтий, Увс, Улаанбаатар хот, Говьсүмбэр, Булган, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт улсын дунджаас 1.0-8.5 пунктээр бага байна.


Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 (60.3%) мянга нь ажилгүй хүн, 58.0 (33.3%) мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 (6.4%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан.


Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 3 дугаар сарын эцэст ажилгүй 4.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 3 дугаар сарын эцэст нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 528 иргэн ажилд зуучлагдан орсон байна.


Холбоотой мэдээ