Цоохор ирвэс хууль бусаар агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-07 17:27:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид агнахыг хуулиар хориглосон нэн ховор амьтан болох цоохор ирвэс агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна.  

Тодруулбал, тус аймгийн Буянт сумын иргэн Т нь 2019 оны гуравдугаар сард Буянт сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр болох Хөх эрэг хэмээх газраас цоохор ирвэс агнажээ. Улмаар ирвэсний арьсыг элдэж боловсруулан бусдад худалдан борлуулах зорилгоор Өлгий хотод авч ирсэн үед буюу энэ сарын 1-ний өдөр цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Одоо уг хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Аймгийн Цагдаагийн газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд хууль бусаар ан агнасан тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг тэрээр анхаарууллаа.



Холбоотой мэдээ