Насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-07 16:22:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 88 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, залилан мэхлэх гэмт хэрэг өссөн бол мал хулгайлах болон тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг буурсан байна.

Монгол Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан “Ятгах тусам нягтал”, “Нуугдмал”, “Цагаан сар-2020”, Хайр өвтгөдөггүй зэрэг нөлөөллийн үйл ажиллагааг аймаг орон нутагт хэрэгжүүлснээс гадна аймгийн Цагдаагийн байгууллагаас “Мал мах”, “Зочид буудал”, “Тамхи”, “Шаг”, “Сумдад тавих хяналт”, “Хяналтын камер” зэрэг хэсэгчилсэн үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулжээ.

"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Онцгой комисс, Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 30-ныг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож, 31-нээс эхлэн 15.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн. Тиймээс Цагдаагийн газраас аймгийн МХГ, ОБГ-тай хамтран хяналт тавин ажиллаж байгаа ба энэхүү шийдвэрийг зөрчсөн гурван аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулиар нийт 1,5 сая, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан дөрвөн иргэнийг 200,0 мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авсан байна.  

Нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нэг гэмт хэрэг бүртгэгдсэн бол насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ