Нөөцийн махыг зах зээлийн үнээс 1000-1500 төгрөгөөр хямд худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-07 15:01:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн захууд дээр худалдаалж буй хонины мах кг тутамд 8-11 мянга, үхрийн мах 10-12 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тэгвэл орон нутгийн зарим аж ахуйн нэгжүүд зах зээлийн үнээс хямд махыг иргэдэд нийлүүлж эхэлжээ.

Тодруулбал, "Жаргалант мах маркет" компани нөөцийн махаа зах зээлийн үнээс 1000-1500 төгрөгөөр хямд худалдаалж байна.

Тус компани нь 2015 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд 200-250 тонн мах нөөцөлж, хавар худалдаанд гаргадаг.

"Жаргалант мах маркет" компанийн худалдааны цэгт зарж байгаа ямаа болон үхрийн мах 8000 төгрөгийн үнэтэй байна.

Харин хонины цул мах кг тутамд 9000, ястай нь 7500, гулууз 7300 төгрөгийн үнэтэй байна. Мөн ямааны гулууз 6300, зүрх 4000, элэг 1000, гэдэс 2500 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.  

Тус компани хямд үнэтэй, чанартай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн нөөцийн махаа ирэх долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл иргэдэд тогтмол нийлүүлнэ. Иргэд үнийн хөөрөгдөлгүй жижиглэнгийн мах худалдан авах бүрэн боломжтой бөгөөд баримт олгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Өнгөрсөн оны хавар малын үнэ ханш \амьд\ 250-260 мянган төгрөг байсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 150-180 мянган төгрөгөөр худалдаж байна. 

 

Холбоотой мэдээ