Нийслэлийн нийтийн эдэлбэр газрын хэмжээг 130 га-гаар нэмлээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-03-31 18:26:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 38 байршлын 130 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоолоо.


Нийслэл хотын барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэх шаардлага үүсэж буй юм. Тиймээс дүүргүүдийн ИТХ, ЗДТГ-аас ирүүлсэн санал, нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудад судалгаа хийсний үндсэн дээр дараах 38 байршлийн 130 га газрыг нийтийн эдэлбэр газар болгож буй юм.


Үүнд:

Баянгол дүүрэгт – 2 байршил 0.49 га

Баянзүрх дүүрэгт – 10 байршил 26.69 га

Сонгинохайрхан дүүрэгт – 6 байршил 4.83 га

Сүхбаатар дүүрэгт – 3 байршил 3.6 га

Хан-Уул дүүрэгт – 9 байршил 2.65 га

Чингэлтэй дүүрэгт – 8 байршил 92.2 га газар ийнхүү нийтийн эзэмшилд шилжиж байна. Үүнээс онцолбол, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр байгуулсан Дарь-Эх цогцолбор, Хан-Уул дүүргийн 8-р хорооны гэр хороололд байгуулсан тохижилт бүхий жишиг гудамж, Чингэлтэй дүүрэгт шинээр байгуулсан Булагтай, Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг шинээр бүтээн байгуулалт хийсэн газар багтаж байна.

Холбоотой мэдээ