АНУ-д амны хаалтыг дахин ариутгах аппарат ашиглаж эхэлжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-31 12:25:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын мэдээллээр, 204 оронд COVID-19” халдвар бүртгэгдэн 697 244 хүн халдварлаж, 33 257 хүн нас барсан байна.  

АНУ-д 160 мянга гаруй хүн халдвар авснаас өчигдөр 500 тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улс өдөрт 100 мянга гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулах боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй хүнээс шинжилгээ авчээ.

Мөн N95 амны хаалтыг ариутгаж, халдваргүйжүүлээд дахин хэрэглээнд оруулах машиныг ашиглах зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр нэг машин өдөрт 120 гаруй мянган амны хаалтыг ариутгах боломжтой хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.  

Ойролцоогоор нэг амны хаалтыг 20 удаа хэрэглэх боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн халдвар голомтлон тархаж буй Нью-Йорк хотын боомтод 1000 ширхэг ор дэлгэж болохоор цэргийн хөлөг онгоц байршуулжээ.

БНСУ-д “COVID-19” халдварын тархалт буурч байсан боловч Сөүл хотод халдвар авсан хүний тоо нэмэгдэж байна. Тус улсад сүүлийн 2 хоногт бүртгэгдсэн халдварын тоо Дэгү болон хойд Кёнгсан аймгийн тооноос давжээ. Итали улсад өчигдрийн байдлаар 4050 хүн коронавируст халдвар авч, 812 хүн нас барсан байна. Энэ нь 3 дугаар сарын 17-ноос хойш нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тооноос бага үзүүлэлт болсон байна. 


Холбоотой мэдээ