Индонезын нийслэл хотыг хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-03-30 12:01:28

СИНГАПУР. /TASS/. Индонезод коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор тус улсын нийслэл хотыг даваа гаргаас эхлэн тусгаарлаж, хаахаар боллоо гэж “The Straits Times” сонин Жакарта хоттой хөрш зэргэлдээ оршдог Баруун Ява мужийн захирагч Ридвина Камилягийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Түүний хэлснээр, “өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаа нар тээврийн хөдөлгөөний хязгаарлах сургууль хийж, мөн Жакарта хот руу орох шалган нэвтрүүлэх цэгт харуулын цэрэг байрлуулжээ”. Нийслэл хотоос гадна халдвар хурдацтай тархаж буй мужуудад хорио цээрийн дэглэм тогтооно гэдгийг тэрбээр мөн тэмдэглэсэн байна.


Жакарта хот коронавирусний халдварын голомт болоод байгаа бөгөөд тус хотод 675 тохиолдол илэрсэн нь Индонезод бүртгэгдсэн нийт тохиолдлын тал гаруй хувийг эзэлж байгаа юм. Үүний зэрэгцээ хөрш хотуудаас өдөр бүр хэдэн сая хүн нийслэл хотод ирж ажилладаг учир халдвар бусад мужид эрчимтэй тархаж болзошгүй гэж эрх баригчид болгоомжилж байна.


Гэсэн хэдий ч Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсад онцгой байдал зарлахгүйгээр, улс орнуудад тогтоосонтой адил хорио цээрийн дэглэм нэвтрүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт дахин мэдэгдсэн байна. Тэрбээр энэ шийдвэрээ "Индонезын хүн амын соёл, сэтгэлгээний онцлог шинж чанартай" холбон тайлбарлажээ.


Коронавирусний халдварын анхны тохиолдол Индонезод гуравдугаар сарын 2-нд бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо 1300-д дөхөж, 114 хүн нас барсан бөгөөд энэ нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Сарын хугацаанд 60 орчим хүн эдгэрсэн байна. 

Холбоотой мэдээ