Л.Мөнхтүшиг: АНУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 1000 гаруй иргэн байна

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-30 12:19:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс дөрөвдүгээр сарын 2-нд Сөүлээс, 3-нд Токиогоос иргэдээ авчрахаар бэлтгэлээ хангаж байна. Дээрх хоёр улсаас ирэх хүсэлтээ өмнө нь бүртгүүлсэн байсан иргэдийн нэрсийн дагуу МИАТ компани тийз олгож байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр хэллээ.


МИАТ компаниас тухайн иргэдтэй нэг бүрчлэн холбогдож байгаа бөгөөд хэрэв нутаг буцахаа больсон бол жагсаалтын дагуу дараагийн иргэнийг бүртгэж байгаа аж. 


"АНУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 1000 гаруй иргэн байна. Дээрх тоо тодорхой хэмжээнд хүрэх юм бол тусгай нислэг гаргана гэсэн ташаа мэдээлэл тарж байна. Түүнчлэн БНСУ, Японоор дамжин ирэх боломжийг талаар их асууж байна. БНСУ дөрөвдүгээр сарын 1-ний 00 цагаас эхлээд тус улсад зорчих гадаад дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах шинэ журамд шилжсэн. Хэрэв Улаанбаатар руу нисэх тийзгүй бол тус улсад 14 хоног тусгаарлагдана. Монголоос БНСУ-д зорчих хүсэлтэй байгаа иргэд мөн их байна. Энэ чиглэлд нэмэлт нислэг гаргах чиглэлээр МИАТ компани ажиллаж байгаа. БНСУ-д зорчих түр хугацааны визтэй бол 14 хоног тусгаарлагдана. Нэг өдрийн тусгаарлах зардал нь 100,000 вон бөгөөд тухайн иргэн өөрөө хариуцна. Харин байнгын оршин суудаг визтэй иргэдийг гэрт нь 14 хоног тусгаарлана. Хэрэв журмыг зөрчвөл албадан буцаах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн" хэмээн ГХЯ-ны Консулын газрын захирал ярив.


УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улс дахь ЭСЯ, Консулын газруудад иргэдийг олноор цуглуулахыг хориглосон бөгөөд үйлчилгээгээ цахимаар үзүүлж байгаа. ЭСЯ-д өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа бөгөөд тухайн улсаас сүүлийн монгол хүн гарах хүртэл ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг Л.Мөнхтүшиг захирал тэмдэглэлээ. 


Өнөөдрийн байдлаар, дэлхий дахинд 56 улс онц байдал зарлаж, 39 улс хөл хорио тогтоож, 75 улс хилээ бүрэн хаагаад байна. 


Холбоотой мэдээ