Эмээлтийн товчоонд саатуулагдсан иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусч байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-28 00:15:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиглалтад байсан иргэн Улаанбаатар хотын Эмээлтийн товчоонд өнөөдөр саатуулагдсан. Уг асуудлаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлээс тодрууллаа.

Тэрээр, "Тухайн иргэн Казахстан улсаас энэ сарын 13-ны өдөр Монгол Улсад нэвтэрч тусгаарлагдсан бөгөөд гэр гэрт нь ажиглалтад авсан 59 иргэний нэг юм. Тэр үед Казахстанд Ковид-19 вирусний халдвар бүртгэгдээгүй байсан ч бид урьдчилан сэргийлэх зорилгоор ажиглалтад авсан. Ажиглалтын хугацаа нь 26-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Биеийн байдал нь сайн, ямар нэгэн өвчний сэжиг, халуурсан, бүлээрсэн асуудал байхгүй. Түүнтэй энэ сарын 26-ны өдрийн 09:00 цагт харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож, тусгаарлалтын хугацаа дууссан ч нийтийн тээврээр зорчихгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй мэргэжлийн байгууллагад хандах зэрэг зөвлөгөө өгсөн. Харамсалтай нь өөр хүний нэр дээр тасалбар бичүүлж, тухайн өдрийн 10:00 цагт орон нутгийн автобусаар Улаанбаатар хот руу зорчсон байна" гэлээ.

Саатуулагдсан иргэн Хэнтий аймгийн харьяалалтай бөгөөд гэр бүлтэйгээ тэнд амьдардаг байжээ. 

Холбоотой мэдээ