Сайн малчны ангид холимог насны 25 хүн суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 11:25:46

Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, мал маллаж байсан туршлагатай 14-37 хүртэлх насны хүмүүсийг нас харгалзахгүйгээр шинээр “Сайн малчны анги” нээжээ.

 

Тус ангид Ховд аймгийн 17 сумаас тус бүр 1-2 хүн  25 хүн суралцаж байгаа  ба цэргээс халагдсан,цэргийн насны, мал маллаж байгаад сонирхлоороо оролцож байгаа, сургууль завсардсан ч малчин болох хүсэлтэй залуучууд  гээд холимог насныхан  элсэн суралцаж байна.

Саяхан  Ховд аймгийн Хөгжил политехник коллежид Монгол үндэстний баялаг болсон мал маллах эрдэм ухааныг түгээх “Сайн малчин”-ны мэргэжлийн анги нээх ёслол боллоо.

Мал ахуйд ажилахаар зориг шулуудан, мал маллагааны арга барилыг заалгаж буй Сайн малчны ангийн нээлтэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн яамны сайд Г.Баярсайхан, аймаг орон нутгийн удирдлагууд оролцсон юм. 

Мөн Манхан сумаас төрсөн  Монгол Улсын гавьяат  малчин Х.Эрдэнэ оролцож хэлсэн үгэндээ ”Ховд Хөгжил Политехник коллежид шинээр сайн малчны анги нээж байгаад малчин бид баяртай байна. 1965-оны Хөдөө аж ахуйн техникум гэж байх үед залуу малчны сургууль байгуулагдаж нэр цуутай малчид эндээс төрж гарч байсан. Дараа нь 1970-аад оны үед Илтгээлтийн эзэн хөдөөд очиж малчны залуу халааг бэлтгэж  байсан дурсамжийг сөхөж,  одоо ч  70 - аад оны илтгээлтийн эзэд өнөөдрийн  малчдын залгамж халааг авч явна “гэлээ.

Тэрээр Хөгжил Политехник коллежид шинээр сайн  малчны анги нээх санаачилга гаргаж, дэмжсэн УИХ-ын гишүүн Г.Баярсайханд баярласнаа илэрхийллээ.

Сайн малчны ангид Хөгжил политехник коллежийн  өрхийн эдийн засаг, малзүйч, малын эмч зэрэг мэргэжлийн багш нар хичээл заадаг.

Тус сургуулиас санаачлан мал маллагааны арвин их туршлага хуримтлуулсан  Дарви сумын харьяат  Монгол улсын хөдөлмөрийн баатар хоньчин Ш.Лхагва, Манхан сумын харьяат Монгол улсын гавьяат малчин Х.Эрдэнээ нарыг сайн малчны ангийн оюутнуудад  урьж, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Тус ангийн оюутнууд одоо ноос ноолуур самнах, төл бойжуулах зэрэг цаг үеийн ажлын үеэр сумандаа үйлдвэрлэлийн дадлагаар гараад байна. Дадлагаа амжилттай хамгаалж “Сайн малчны” мэргэжил эзэмшээд  тэд  малчин болцгооно.

Хөдөөд залуу малчид цөөрч, тэтгэврийн насныхан, ахмадууд зонхилдог нь  мал аж ахуйн салбарт тулгамдсан асуудал байсаар байгаа нь  нь нууц биш.

Тэгвэл одоо мал маллах сонирхолтой залуучууд мэргэжлийг нь эзэмшээд хөдөөд ажлын байр  бий болгож, малчны залуу халааг нэмэх сайхан боломжийг Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж нээж  байна.

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ