Дахин давтагдашгүй хийцтэй “Хэт хутга”

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-25 16:45:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй гайхамшигт мөнгөн урлалуудын нэг бол хаана ч, хэзээ ч дахин давтагдашгүй бүтээл гэгддэг эр хүний гоёл хэт хутга юм. Энэхүү хэт хутга нь хуйныхаа нэг талд 12 жил, нөгөө талд нь найман тахилыг мөнгөөр урлаж, алтаар шарсан. Хутганы хуйны дээд талд амаа ангайж буй хос лууг хөдөлгөөнтэйгээр урлаж алтадсан байх бөгөөд бэлэн дээр том шүрнүүдийг шигтгэж өгснөөрөө онцлогтой.

Энэхүү бүтээл нь 1996 онд зохион байгуулсан “Монгол дархан-96” үзэсгэлэнд оролцоод “Дахин давтагдашгүй хийцтэй бүтээл”-ээр шалгарч байжээ.

Дарьгангын алдарт дархчуулын нэг Ж.Сэнгэдоо нь мөнгөн урлалд шүр, сувд, есөн эрдэнийн чулууг өөрийн хийц, арга барилаараа үлгэрлэж, урладгаараа бусад дархчуудаас ялгарах онцлогтой. Ж.Сэнгэдоо дархны бүтээлд 12 жил, дөрвөн хүчтэн, эвтэй дөрвөн амьтан, хос луу болон бусад уламжлалт хээ угалзуудыг чөлөөтэйгээр зохиомжлон, зузаан мөнгийг нэвт цоолборлож, нарийн тансаг өвөрмөц хийцийг хөглөн гаргасан байдаг байна. Түүний дархны энэ нарийн хэлбэр хийцийг тод шингээсэн бүтээл нь дээрх хэт хутга юм.

Дархан Жааханмаамын Сэнгэдоо нь 1888 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. 1908 оноос буюу 20 настайгаасаа эхлэн алт мөнгөний дарханы урлалыг туурвиж эхэлсэн байна. Тэрээр 1968 онд насан өөд болжээ.

Холбоотой мэдээ