Э.Куомо: Нью-Йоркт коронавирус “суман галт тэрэг” шиг тархаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-03-25 09:14:54

ВАШИНГТОН. /Fox News/. "Манай муж улсад коронавирусээр халдварласан хүний тоо “гурван өдөр тутам хоёр дахин” нэмэгдэж, уг халдвар “суман галт тэрэг” шиг хурдан тархаж байна" гэж АНУ-ын Нью-Йорк муж улсын захирагч Эндрью Куомо мэдэгджээ.


Нью-Йорк муж улсад “COVID-19” халдварын 25665 тохиолдол бүртгэгдсэний дараа Э.Куомо ийнхүү мэдээлсэн байна. Уг үзүүлэлт нь Калифорни, Вашингтон муж улсад бүртгэгдсэн тохиолдлуудаас 10 дахин их тоо юм. 


Э.Куомо муж улс даяарх эмнэлгүүдийг хүчин чадлаа 50-100 хувиар нэмэгдүүлэхийг уриалаад, одоогийн тооцооллоос үзэхэд халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд 140 мянган ор шаардагдаж болзошгүй байгааг онцолжээ. Түүний мэдээлснээр, Нью-Йоркт одоогийн байдлаар 53 мянга орчим ор байгаа аж.


“Манай муж улсад цар тахлын “оргил үе” 14-21 хоногийн дотор эхлэх төлөвтэй байна. Оргил үе бидний таамаглаж байснаас өндөр байх төлөвтэй байгаа хэдий ч тооцоолж байснаас эрт эхлэх төлөвтэй байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Шаардлагатай тооны орыг бэлдэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргана гэж Э.Куомо амлаад, өвчтөнүүд, эмнэлгийн ажилтнуудыг байрлуулахад зориулан SUNY”, “CUNY” коллежийн дотуур байрнууд, зочид буудлууд зэргийг өөрчлөхөөр төлөвлөж байна гэж хэлжээ. Мөн тэдгээр өвчтөний биеийн байдлыг хянахад туслалцаа үзүүлэхийг эмнэлгийн байгууллагын тэтгэвэрт гарсан ажилтнууд болон бусад мэргэжилтэнд уриалсан байна. 


Э.Куомогийн хэлснээр, Нью-Йорк муж улсад коронавирусний тархалттай тэмцэхийн тулд хиймэл амьсгалын 30 мянган аппарат шаардлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ төрлийн 7000 аппараттай байгаа ажээ. 

Холбоотой мэдээ