Коронавирусний тархалт хэзээ зогсох вэ?

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-03-24 14:26:16

ЛОНДОН. /BBC/. Дэлхий нийт зогсонги байдалд орлоо. Хөл хорио тогтоосноос эхлүүлээд сургуулиудийн үйл ажиллагааг зогсоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, олноор цуглахыг хориглосны улмаас өдөр тутмын амьдрал хөл хөдөлгөөн, чимээ шуугиантайгаар өрнөдөг газрууд эзэнгүй хот шиг болжээ.


Халдварт өвчний эсрэг дэлхий дахин дээрх хариу арга хэмжээнүүдийг авч байна. Харин энэ нөхцөл байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ? Бидний амьдрал хэзээнээс ердийн хэв маягтаа шилжих вэ? гэх асуулт бидний өмнө тулгарлаа.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "бид тархалтыг ойрын 12 долоо хоногийн хугацаанд намжаана” гэж мэдэгджээ. Ойрын гурван сарын хугацаанд халдварын тохиолдлын тоо цөөрч эхэллээ гэхэд тархалт зогсоход хэдий хэмжээний хугацаа шаардлагатай вэ?


Халдварын тархалтыг зогсооход урт хугацаа шаардлагатай бөгөөд магадгүй хэдэн жил ч шаардагдаж болзошгүй юм. Одоогоор хэрэгжүүлж буй хөл хорио тогтоох стратеги нь урт хугацаанд ирээдүйгүй гэдэг нь тодорхой байна. Энэ нь нийгэм болон эдийн засагт асар их хэмжээний хохирол учруулна.


Дэлхийн улс орнууд хязгаарлалтыг цуцалж, хэвийн нөхцөл байдалд эргэж орох “гарц стратеги”-ийг боловсруулах хэрэгтэй байна. Гэсэн хэдий ч коронавирус алга болох төлөвгүй байгаа бөгөөд хэрэв вирусийг тогтоон барьж буй хязгаарлалтыг цуцалчихвал халдварын тохиолдлын тоо гарцаагүй өсөх болно.


“Ямар “гарц стратеги” хэрэгжүүлэх вэ?, Үүнээс хэрхэн ангижрах вэ? гэдэг томоохон асуудал бидэнд тулгараад байна” гэж Эдинбургийн их сургуулийн халдвар өвчний тархалт судлалын профессор Марк Вулхаус хэлжээ. Түүний хэлснээр, зөвхөн Их Британид ч бус дэлхий аль ч улс орон “гарц статеги”-ийг боловсруулаагүй байгаа ажээ.


Дэлхий дахинд шинжлэх ухаан, социологийн маш том сорилт тулгараад байгааг зохицуулахад гурван арга зам бий. Тэдгээрийг дурдвал, вакцинжуулах, халдвараар дамжуулан олон хүнд дархлаа үүсгэх, өөрсдийн болон нийгмийн зан төлвийг бүрмөсөн өөрчлөх аж. Эдгээрийн аль аль нь вирусний тархалтыг бууруулах боломжтой.


Вакцин гарган авахад 12-18 сар шаардлагатай

Вакцин нь аливаа өвчин тусахаас урьдчилан сэргийлэх дархлааг үүсгэдэг. Хүн амын 60 орчим хувь буюу хангалттай тооны хүнийг дархлаажуулснаар вирусний дэгдэлт үүсэх боломжийг хязгаарлах боломжтой. Үүнийг “хавсай дархлаа” хэмээн нэрлэдэг.


АНУ-д коронавирусний туршилтын вакциныг амьтан дээр эхэлж турших шатыг алгасан шууд хүн дээр туршиж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт анхны хүнд туршилтын вакциныг хийжээ.


Аливаа вакцины судалгаа тодорхойгүй хугацаагаар үргэлжилдэг хэдий ч шууд амжилттай болж, дэлхий нийтийг дархлаажуулна гэсэн баталгаа байдаггүй. Вакцин гарган авах бүх үйл явц жигд үргэлжилсэн тохиолдолд 12-18 сарын дотор бүтээнэ гэсэн тооцоо бий. Энэ нь энхийн цагт хөл хорио тогтоосон үед хүлээхэд маш урт хугацаа юм.


“Вакцин гарган авахыг хүлээхийг “стратеги” гэж үзэх боломжгүй. Энэ бол стратеги биш” гэж М.Вулхаус “BBC” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Байгалийн дархлаа тогтоход хамгийн багадаа хоёр жилийн хугацаа шаардлагатай

Их Британийн богино хугацааны стратеги бол эрчимт эмчилгээний орнууд дүүрч, нас барагсдын тоо огцом нэмэгдэхээс өмнө буюу аль болох ойрын хугацаанд халдварын тархалтыг бууруулах юм.


Тархалт намжсан тохиолдолд зарим арга хэмжээг түр хугацаанд буюу халдварын тохиолдол дахин гарах, дахин хязгаарлалт шаардагдах хүртэл цуцлах боломжтой болно. Одоогоор дээр дурдсан нөхцөл байдал хэзээ үүсэх нь тодорхойгүй байна. Их Британийн эрдэм шинжилгээний ахлах зөвлөх Патрик Валланс энэ талаар хэлэхдээ, тодорхой товыг одоогоор тогтоох боломжгүй байна гэжээ.


Гэвч олон хүн халдвар авах тусам санамсаргүй байдлаар хавсай дархлаа тогтох ажээ.


“Гэсэн хэдий ч ийм нөхцөл үүсэхэд олон жилийн хугацаа шаардагдаж болзошгүй” гэж Лондоны Хааны коллежийн профессор Нейль Фергусон хэлжээ. Түүний хэлснээр, бид тархалтыг бүх түвшинд намжаах талаар ярьж байгаа бөгөөд хүн амын багахан хувь нь халдвар авна хэмээн найдаж байгаа аж.


“Хэрэв бид энэ байдлаараа хоёр ба түүнээс дээш жилийн хугацааг үдвэл хүн амын багахан хувь халдвар авч улмаар бусад хүмүүст зарим түвшний хамгаалалт үүснэ” гэж Н.Фергусон ярьжээ.


Гэсэн хэдий ч уг дархлаа хэдий хугацаанд байхнь тодорхойгүй юм. Ханиадны шинж тэмдгээр илэрдэг бусад коронавирус нь маш сул дархлаа тогтоодог бөгөөд хүмүүс амьдралынхаа хугацаанд ижил вирусээр олон удаа халдварлах боломжтой байдаг байна.


Бусад хувилбар буюу төгсгөл нь тодорхойгүй байдал

“Гурав дахь хувилбар бол халдварын түвшнийг доогуур байлгахын тулд бид бүгд зан төлвөө өөрчлөх юм” гэж профессор М.Вулхаус хэлжээ.


Үүний дагуу зарим арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн хэвээр байх аж. Түүнчлэн шинжилгээг авах хатуу дэглэмийг танилцуулж, тархалтыг хяналтдаа байлгахын тулд өвчтөнүүдийг тусгаарлах шаардлагатай гэнэ.


Бид эхний ээлжинд эрт илрүүлж, ойрын хавьтлыг тогтоосон боловч энэ нь үр дүнгээ өгөөгүй гэж М.Вулхаус хэлжээ. “Covid-19” халдварыг эмчлэх эмнүүдийг бүтээх нь бусад стратегид ч мөн тус болох юм. Тэдгээрийг шинж тэмдэг илэрсэн хүмүүст нэн даруй уулгаснаар бусдад халдахаас сэргийлэх, “тархалтыг хяналтад авах” боломж бүрдэх аж.


Эсвэл өвчтөнүүдийг эмнэлэгт эмчилснээр өвчний улмаас нас барах эрсдэлийг багасгаж, эрчимт эмчилгээний ачааллыг бууруулах боломжтой. Ингэснээр олон улс оронд хөл хорио дахин тогтоох шаардлагаас зайлсхийж, олон хүн халдвар авах магадлалыг бууруулна.


Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэх нь өргөн хүрээг хамарсан тархалтыг даван гарахын тулд хүчин чадлаа нэмэгдүүлэхтэй ижил үр дүн үзүүлэх ажээ.


М.Вулхаус Их Британийн анагаахын ухааны ахлах зөвлөх, профессор Крис Виттигээс түүний стратегийн талаар асуухад тэрбээр, урт хугацааны хувьд вакцин бол нөхцөл байдлыг даван туулах нэг арга зам тул үүнийг нэн даруй бүтээнэ гэдэгт бид итгэх хэрэгтэй гэж хариулжээ.


Тиймээс дэлхий дахиныг шинжлэх ухааны шийдлүүд аврах нь. 

Холбоотой мэдээ