Монгол Сингапурын худалдаа сүүлийн дөрвөн жилд тав дахин нэмэгджээ

ТОЙМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-24 14:43:24
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Сингапурын худалдаа, эдийн засгийн харилцаа 90-ээд оноос хойш "даруухан" байсан ч сүүлийн жилүүдэд огцом идэвхжсэн. Хоёр улсын бараа эргэлт 2016 онд 31,7 сая ам.доллар байсан нь сүүлийн 10 жилийн хамгийн бага үзүүлэлт юм. Харин 2019 онд худалдаа 176,8 сая ам.долларт хүрч 2016 оныхоос 5,6 дахин нэмэгджээ.



Монгол, Сингапурын худалдаанд Монгол Улсын экспорт давамгайлдаг.  2019 онд л гэхэд манайх Сингапурт 154,6 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, тус улсаас 22,2 сая ам.долларын импорт хийснээр худалдааны тэнцэл 132 сая ам.долларын ашигтай гарчээ.


Манайх Сингапурт ихэвчлэн төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хагас боловсруулсан алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог. 2019 онд 118 сая ам.долларын алт экспортолсон нь нийт экспортын 76 хувийг бүрдүүлжээ. Харин Сингапураас тамхи, нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, сэлбэг хэрэгсэл, химийн бордоо, автомашин, эмнэлгийн багаж хэрэгсэл голчлон импортолж байна.



Сингапур Улс манайхаас 2175 дахин бага газар нутагтай хэдий ч манай гурав дахь томоохон хөрөнгө оруулагч улс юм. 1990 оноос хойш Монголд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй. 2011 онд түүхэнд хамгийн их буюу 402,7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь "Оюу Толгой" төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монголын эдийн засаг тэлж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх таатай нөхцөлийг бүрдүүлсэнтэй холбоотой. Түүнээс хойш хөрөнгө оруулалт огцом буурсан ч сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэх хандлагатай байна.

 

Сингапурын нийт хөрөнгө оруулалтын 75 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 19 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт харьяалагдаж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол, нэмэгдэх хандлагатай байгаа ч эдийн засгийн бусад салбарт төрөлжүүлж, уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Өдгөө манай улсад Сингапурын хөрөнгө оруулалттай 30 орчим ААН байгалийн баялгийн олборлолт, хайгуул, боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


Сингапурчууд Монголд хөрөнгө оруулахын зэрэгцээ манай бизнес эрхлэгчид ч тэдний зах зээлийг ихэд сонирхох болсон. Энэ нь тус улс Дэлхийн банкны 2020 оны “Бизнес эрхлэхүй” жагсаалтад дэлхийн 190 орноос хоёрдугаарт жагсаж бизнес эрхлэхэд хамгийн таатай орны нэгээр шалгарсантай холбоотой байх. Сонирхуулахад, яг энэ жагсаалтад манай улс 74-т бичигдэж 2019 оныхоо байрыг хадгалсан ч энэ нь 2018 оныхоос 12 байраар ухарсан үзүүлэлт юм. Сингапурын хувьд татварын нөхцөл нь уян хатан, компани байгуулах үйл явц цахим орчинд, хэдхэн хоногийн дотор өрнөдөг зэрэг нь шинэ бизнест хэр ээлтэй орон болохыг нотолно. Түүнээс гадна хууль эрх зүйн орчин нь тогтвортой, санхүүгийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасны дээр тус улсад бүртгэлтэй компани гэхээр найдвартай гэсэн ойлголтыг хамтрагчдад төрүүлдэг гэж манай бизнес эрхлэгчид дүгнэжээ.


Хоёр улс эдийн засгийн бүхий л чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсээр ирсэн. Энэ онд тохиож буй Монгол-Сингапурын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд худалдааны хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон. Уг хөтөлбөрийг Монгол Улсын ГХЯ, дэлхийн хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогч, Сингапур Улсын Засгийн газрын “Темасек холдинг”-ийн олон улсын сантай хамтран хэрэгжүүлэх бөгөөд харилцан ашигтай олон эерэг өөрчлөлт хүлээгдэж байна.

 

Холбоотой мэдээ