ГУРВАН ЗУУН УЯНГА

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-03-20 17:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

 

Монгол, Хятад хоёр улс утга зохиол, урлаг соёлын эртний уламжлалт харилцаатай билээ. Монгол Улсад 1950-иад оны эхэн үеэс БНХАУ-ын уран зохиолын дээжсээс шинэ үсэгт орчуулан монгол уншигчдад хүргэж эхэлсэн түүхтэй. Ийн хэвлэгдсэн анхны ном нь 1952 онд Лү Шүнь (Лү Синь)-ий “Галзуу хүний өдрийн тэмдэглэл” юм. Үүнээс хойш Хятадын уран зохиолын ном тасралтгүй хэвлэгдэж байсан нь номын сангийн бүртгэл, эх сурвалжаар нотлогдож байна.


Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож, хоёр улсын соёл урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Хятадын сонгодог болон орчин үеийн утга, уран зохиолын шилдэг бүтээлүүдээс шинэ үсэгт орчуулан монгол уншигчдад толилуулсан. Тухайлбал, Луо Гуань Жуны “Гурван улсын үлгэр” (2018), У Чэнь Эний “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”( 2018), Ши Най Ань-ийн “Хүйтэн уулын бичиг” (2018), Цао Шюэ Чинь-ийн “Улаан асарын зүүд” (2018), Лю Цы Синий “Гурван биет” цуврал (2019) болон орчин үеийн нэрт зохиолч Лү Шюнь(Лү Синь)-ий нэрэмжит Утга зохиолын 7 дахь удаагийн шагнал хүртсэн яруу найраг, тууж, өгүүллэг, хөрөг найруулал, эсээ найрууллын (2019) номууд хэвлэгдсэн.


Монгол Улсын яруу найрагч, зохиолчдын бүтээлээс сүүлийн жилүүдэд “Монгол Улсын уран зохиолын сонгомол өгүүллэгийн боть” (орчуулсан н.Зоригт, 2016), “Монгол Улсын уран зохиолын сонгомол яруу найргийн боть” (орчуулсан И.Хасан, 2016), “Монгол Улсын шүлгийн цомнол” (орчуулсан н.Дулаан, 2019), орчуулагч, яруу найрагч И.Хасангийн орчуулсан “Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийн түүвэр”, “Лувсандоржийн Өлзийтөгсийн шүлгийн түүвэр”, “Дамдинсүрэнгийн Урианхайн шүлгийн түүвэр” зэрэг номууд хятад хэлээр БНХАУ-д хэвлэжээ.


Тан, Сүн улсын үеийн шүлгээс шинэ үсгээр Монголд хэвлүүлж байсан мэдээ баримтууд олон байдаг ч бид тусгайлан ном болгон хэвлүүлснийг тоймловол, яруу найрагч Б.Явуухулан, Ч.Чимид нар Ли Байгийн цөөн шүлгийг орос хэлнээс орчуулан “Ли Бо. Шүлгүүд” (1960), орчуулагч, сэтгүүлч М.Равдандашийн “Ван Вэй. Шүлгүүд” (1994), хэл бичгийн ухааны доктор Б.Магсаржав Сүн улсын үеийн 7 шүлэгчийн бүтээлээс сонгон орос хэлнээс орчуулан “Цамцаалсан хасын сондор” (2018) зэрэг номуудыг бэлтгэн хэвлэжээ.


БНХАУ-ын ӨМӨЗО-ы утга зохиолын орчуулагч, зохиолч Содбилигийн Тан улсын үеийн шүлгүүдээс сонгон авч орчуулсан “Тан улсын шүлэг гурван зуун бадаг” (1982) номоос Ли Бай, Дү Фү, Бай Зюй И нарын 88 шүлгийг Монгол Улсын Багшийн их сургуулийн багш С.Хөвсгөл, Д.Ариунцэцэг нар шинэ үсэгт хөрвүүлэн “Тан улсын яруу найргаас” (1998) ном, мөн дээрх номоос 170 гаруй шүлгийг түүвэрлэн авч Б.Иш хөрвүүлэн “Тан улсын шүлэг гурван зуун бадаг” (2018) нэртэйгээр ном болгон хэвлэж монгол уншигчдад хүргэсэн байна.


Монголын Соёл яруу найргийн академиас эрхэлдэг “Дэлхийн шилдэг яруу найраг” цувралын 10 дахь ботийг “Хятадын яруу найраг” (2011) нэрийн дор бэлтгэж, Хятадын эртний яруу найраг, Тан улсын яруу найраг, Сүн улсын яруу найраг, ХХ зууны үеийн хятад яруу найраг гэх дөрвөн бүлэгтэйгээр хэвлүүлжээ. Уг номд Монгол Улсын нэртэй яруу найрагч, дуун хөрвүүлэгчид Ц.Базаррагчаа, Б.Явуухулан, Ч.Чимид, Д.Урианхай, М.Чимэдцэеэ, Я.Ганбаатар, Д.Болдбаатар, Г.Мэнд-Ооёо, Д.Одонхорлоо, М.Равдандаш, Ц.Сүрэнжав, Х.Цагаанхүү, М.Шагдарсүрэн нарын орчуулсан бүтээлүүдийг оруулжээ.


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын санаачилгаар “Тан улсын шүлэг гурван зуун бадаг”, “Сүн улсын дуулал зуун бадаг” номыг шинэ үсэгт хөрвүүлж, хэвлэх ажлыг 2009 онд эхлүүлсэн юм.

 

“Сүн улсын дуулал зуун бадаг” ном


Яруу найрагч А.Эрдэнэ-Очир 2009 оны өвөл яруу найрагч Э.Эрдэнэдалайг Монголын Зохиолчдын Эвлэлийн төв хэвлэл “Цог” сэтгүүлийн өрөөндөө дуудан ирүүлж, “Сүн улсын дуулал зуун бадаг” номыг Ломбын Нямаа ах (Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, багш) авчирч өглөө. Даруйхан шинэ үсэгт буулгавал эрхлэн хэвлүүлэх талаар бодъё гэснээс хойш арваад жил улиран оджээ. Орчуулагч Содбилиг уг номын өмнөтгөлдөө “Дуулал гэгч чухам юу вэ? Бодитой хэлбээс дууны үг-дуулан гэнгэнэдэг уран зохиол болно. Түүний мөр нь урттай богинотой, аман ярианы хэлбэртэй. Гэвч дотоодын дүрэм хэмжээ нь их чанга нямбай юм. Би утгаар гол болгож орчуулахдаа мөр бүрийн үгийн тоог эвдсэнгүй, Монгол хэл дээр уншиж ойлгохуйц хэмжээгээр хэлбэржүүлэв. Дуулал бүрийн нэр дуудлыг Инжинаашийг дууриан авиачлан бичив. Учир нь эдгээр нэрс агуулгатайгаа ер харьцаагүй байдаг ба зөвхөн нэг томъёоллын тэмдэг төдий хэрэглэгдэж байхад албаар орчуулах хэрэг алга. Харьцуулан уншихад дөхмийг санаж Хятад эхийг ард нь дагалдуулав. Энэ номын тайлбар гэж тун товч болсон. Зохиогчийн намтар, зохиол бүрийн гол агуулга ба зарим нэг мэдэхэд бэрх явдал учир, нэр дуудлыг цухас тайлав” хэмээн бичжээ.

 

“Тан улсын шүлэг гурван зуун бадаг” ном




Яруу найрагч А.Эрдэнэ-Очир 2012 оны өвөл Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвийн ажилтан яруу найрагч Э.Эрдэнэдалайн ажлын өрөөнд хүрэлцэн очиж “Ломбын Нямаа ах 1984 онд монгол бичгээр хэвлэгдсэн “Тан улсын шүлэг гурван зуун бадаг” номыг олоод иржээ. Одоо үүнийг “Сүн улсын дуулал зуун бадаг” номтой хамтатган хэвлүүлэх боллоо” гэснээс хойш найман жилийн нүүр үзжээ.


Орчуулагч Содбилиг “Миний сонгосон гурван зуу гаруй бадгийн түүвэрт уламжлалт дэвтрүүдийг анхааралдаа авахын дагуу өөрийн орчуулсан, найруулсан, цээжилсэн буюу нөлөө ихтэй шүлэгчийн нөлөө ихтэй зохиол гэж үзсэн бүхнээ хамран оруулсан байна. Бид орчуулгын үүднээс шүлэг бүхнийг ажин шинжлэхэд зарим шүлэг олон дэвтрүүдэд сонгогдсоор ирж алдарт зохиол гэж үнэлэгдсэн түүхийн хувьд Хятад хэл бичгийн талаас авч үзвэл зарим талын төлөөлөгч чанартай боловч монгол хэл дээр орчуулахад ер нь тохиромжоор аанай байдаг тул тийм зохиолыг сонгосонгүй. Бид Тан улсын шүлгийн урлагийн өвийг судлан сурч туст зүйлийг хүлээн аваад Монгол шүлгийн урлагийн хэмжээг дээшлүүлэхэд тус нэмэр болоход оршино. Тиймээс бид эрхбиш бодитой нэгэн утга сэдвийг бичсэн Тан улсын нэгэн шүлгийг анхааран шинжилж шүлэгч нар чухамхүү хэрхэн дүрслэн сэтгэж ямархуу дүрслэлээр хэрхэн илтгэснийг нямбай хянамгайгаар ухварлан ойлгож авах учиртай билээ” хэмээн бичсэнийг хүндэтгэн мөрдөж улмаар нийтийн мэдлэгийн санд өргөхийг зорив.


2018 оны тавдугаар сарын дундуур энэхүү төслийн санаачлагч А.Эрдэнэ-Очир маань зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь бидэнд тохиолдсон томоохон гарз байв. Ном бүтээх төслийн багийнхан маань найрагч, номын садан нөхрийнхөө санаачилсан бүтээлч үйлсийн ажлыг үргэлжлүүлэн уйгагүй ажилласны үр дүнд “Сүн улсын дуулал зуун бадаг”, “Тан улсын шүлэг гурван зуун бадаг” ном уншигчдын гарт очиход бэлэн болоод байна.


Төслийн багийнхан Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Тан улсын шүлэг, Сүн улсын дуулал номыг уншигчдад хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн саналыг БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын Яаманд тавьсны дагуу Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны хамт олон бидний хүсэлтийг дэмжиж ном хэвлэлтийн зардалд тодорхой дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлэхийн ялдамд хоёр улсын хамтын ажиллагаа соёл урлаг, утга зохиол болон бусад салбарт хөгжин дэвжихийн ерөөл дэвшүүлье.


Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хятад хэлний үеийн галиглах журмыг батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж, “Хятад хэлний үеийн галиг”-ийг мөрдлөг болгон ажиллав.


Энэхүү бүтээлүүд нь Тан улсын шүлэг, Сүн улсын дууллыг шинэ үсэг, монгол бичиг, хятад эхийн хамт зэрэгцүүлэн хэвлэсэн нь оюутан сурагч, эрдэмтэн багш, судлаач, уншигч сонирхогчдод хэл сурахад ихээхэн ач тустайгаас гадна Хятадын эртний уран зохиолын монгол орчуулгын өв санг бий болгож судлал шинжлэлийн суурь болж байгаагаараа онцлог юм.


Түүнчлэн “Жиком пресс” хэвлэлийн газар саяхан 1949 оноос хойш төрсөн болон уран бүтээлээ туурвисан, одоо бичиж байгаа БНХАУ-ын 36 яруу найрагчдын 111 шүлгийг орчуулагч, яруу найрагч И.Хасангийн орчуулснаар “Одоо үеийн Хятадын яруу найраг” номыг 2020 оны нэгдүгээр сард хэвлэн гаргасан. Ийнхүү тус хэвлэлийн газрын бүтээлч ажлын дүнд Хятадын эртний болон орчин үеийн яруу найрагчдын бүтээлийг монгол уншигчид, нийт уран зохиол сонирхогчдод хүргэлээ.

           

Тан улсын шүлэг, Сүн улсын дуулал ном бүтээхэд шинэ үсэгт хөрвүүлсэн яруу найрагч Э.Эрдэнэдалай, редактор доктор, дэд профессор Д.Сумьяа, профессор Н.Болд, хятад галигийн редактор доктор, дэд профессор Т.Отгонтуул, хятад ханзыг цахимд буулгасан С.Алтанчулуу, монгол бичгийг цахимд буулгасан Д.Нэргүй, шинэ үсэг, монгол бичгийг хянасан Х.Чойдогжамц, Б.Буянбаатар, Ц.Ариунтуяа нарт болон номын үйл хэрэгт оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.

           

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

Хэл бичгийн ухааны доктор Дорлигийн ГАНБОЛД

 

 

Холбоотой мэдээ