Малчдын харилцаа холбоог сайжруулахад анхаарлаа хандуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-19 12:20:43

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн сумдын малчдын харилцаа холбоо сайжирч байгаа талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.

Тодруулбал Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан Улаанбаатар хотод ажиллах үеэрээ “Үүргийн гүйцэтгэлийн сан”, Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийжээ. Уулзалтын үр дүнд алслагдсан бүс нутгийн малчдын харилцаа холбоог сайжруулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор дөрвөн сумын дөрвөн багийн холбоо харилцааг шийджээ. Тухайлбал Баянтэс сумын Баянхайрхан уул, Тэлмэн сумын Товгорын нуруу, Тосонцэнгэл сумын Рашаант баг, Их-Уул сумын Цэцүүх багт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи мобайлын дахин дамжуулах станц суурилуулахаар шийдвэрлэсэн байна. Жи мобайлын дахин дамжуулах станцтай болсноор малчид хаанаас ч холбоо харилцаа барих төдийгүй, цаг агаарын урьдчилсан мэдээ, болзошгүй осол аваар, малын хулгайгаас сэргийлэх бүрэн боломжтой болжээ.  

Цагаанхайрханы 240 гаруй өрх сүлжээ сайтай

холбоо харилцаатай болов

Өнгөрсөн жил Завханы Цагаанхайрхан суманд 70 сая төгрөгийн өртөгтэй Жи мобайлын 2G сүлжээний станцыг шинээр тавьжээ.

Цагаанхайрхан сумын Хярын зуслан нэртэй газар тус дамжуулах станцыг байгуулсан бөгөөд аймгийн 2018 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу ийнхүү байгуулжээ. Жи мобайлын 2G сүлжээний станц байгуулснаар Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумын 240 гаруй өрх Жи мобайлын утсаар ярих боломжтой болжээ. 2сүлжээ тархац нь илүү өргөн хүрээг хамардаг, сүлжээний хурд төдийгүй малчид хаанаас ч харилцаа холбоотой байх боломжийг бүрдүүлжээ.Тус суманд өнөөдрийн байдлаар үүрэн холбооны юнител, мобикомын сүлжээтэй хэдий ч малчдын хувьд малын бэлчээрээсээ байнгын харилцаа холбоотой байх Жи мобайлын сүлжээ зайлшгүй шаардлагатай байсан аж. Тиймээс “Талын Монголыг тантай холбоно” уриатай үүрэн холбооны Жи мобайл компани нь алслагдсан баг, сум суурин газрыг холбоожуулах зорилгынхоо хүрээнд байгуулсан станц цаг үеэ олсон ажил болсонд малчид ам сайтай байгаа аж.

Алдсан малаа эрж сурах, бүртгүүлэх

боломжтой болжээ

Малын хулгайтай тэмцэх, цаашлаад малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор "Малчин лавлах-109" утас ажиллаж байна.

Анх 2015 онд нээгдэж байсан тус утасны тусламжтайгаар 7000 гаруй малын хулгайн зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгч, үр дүнтэй ажиллаж байжээ. Малчдаас мал алдсан, олдсон мэдээллийг 08:00-22.00 цагийн хооронд шуурхай авч, хууль хяналтын байгууллагад цаг алдалгүй дамжуулах. Асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллахаас гадна малын гаралтай түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ болон малчдад шаардлагатай бусад мэдээллээр хангадаг “Малчин лавлах 109”-ийг Завханы малчид өдөр бүр хэрэглэдэг аж. Тус лавлах утас өдгөө мэдээллийн төв нэртэйгээр ажиллаж байгаа.

“Малчин лавлах 109” мэдээллийн төв нь малчин хүн бүрд үүрэн телефоны оператор үл харгалзан үнэ төлбөргүй үйлчилдэг. Тиймээс аймгаас бодлогоор малчдын холбоо харилцааг сайжруулах, үүрэн холбооны сүлжээг өргөтгөх олон талын ажлыг хийж байгаа хэмээн Мэдээлэл Холбоо сүлжээ ТӨХК-ийн Завхан салбараас мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ