Ноолуурын чанар, гарц сайжирсан нь экспортын үнийг өсгөнө гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-04-28 14:32:14

Тавдугаар сар ноолуурын арилжааны идэвхтэй үе бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх сараас нэмэгджээ.

Тодруулбал  Хөдөө Аж ахуйн бирж дөрөвдүгээр сарын 27-нд нийт 10,9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Үүнээс 91 тонн ноолуурыг 5.4 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Өнөөдрийн ханшаар боловсруулаагүй нэг кг бараан ноолуурын үнэ 59800 төгрөг байгаа бол цайвар ноолуур 61000 төгрөг байна. Өнгөрсөн долоо хоногтой  харьцуулбал ноолуурын үнэ бага зэрэг өсчээ. Самнасан бараан ноолуурын ханш нэг кг тутамд 117900 төгрөг байгаа бол цайвар ноолуур 120500 төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ноолуурын ханш бага зэрэг доогуур байгаа аж.

Түүнчлэн энэ өвөл  цас их орсонтой холбоотойгоор ноолуур хольц багатай, чанартай гарч буй гэнэ. Ийнхүү нэг кг ноолуураас гарах цэвэр ноолуурын хэмжээ сайжирсантай холбоотойгоор экспортын үнэ нэмэгдэх төлөв бий хэмээн Хөдөө аж ахуйн  биржийнхэн онцолж байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ