ЭМЯ: Африк тивд “COVID-19” халдвар эрчимтэй тархаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-14 13:04:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Европ тив “COVID-19”-ийн голомт болсон хэвээр байна. Мөн Африк тивийн 19 улсад тус халдвар бүртгэгдлээ хэмээн ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа тус яамны өнөөдрийн мэдээллийн үеэр танилцууллаа.

Тэрбээр, “Европ тивд “COVID-19” халдвар эрчимтэй тархсан хэвээр байна. БНФУ-д тус халдварын тоо 200-гаар нэмэгдэж байсан бол одоо богино хугацаанд хэд дахин нэмэгдэж байна. Тус улсад 24 цагийн дотор халдвар авсан хүний тоо 800-гаар нэмэгдсэн байна. Итали улсад шинэ коронавируст халдвар авсан хүний тоо 15 мянга давсан бол Иранд 11 мянга хүрлээ. Дээрх  улс орнуудад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа учраас хөнгөн болон дунд хэлбэрийн өвчтөнийг аль болох эмнэлгийн байгууллагад очихгүй гэртээ ажиглахыг зөвлөж байгаа.  АНУ-д онцгой байдал зарлаж Европ тивийн бүх нислэгээ зогсоох шийдвэрийг өчигдөр гаргалаа. Тус улсын 49 мужид уг өвчний халдвар бүртгэгдсэн байна. Түүнчлэн Африк тивд халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, 18 улсад халдвар бүртгэгдсэн. Австрали улсад 500-гаас дээш хүнтэй үйл ажиллагаа зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг иргэддээ анхааруулсан. Мөн оношлуурын нөөц хомс байгаа тул хөнгөн хэлбэрийн өвчтөнг эмнэлэг рүү очихгүй байхыг зөвлөж байна” гэв.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, “Дэлхийн 132 оронд “COVID-19”  бүртгэгдлээ. Казахстан, Судан, Кени зэрэг 9 оронд тус халдвар нэмж бүртгэгдээд байна. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 7 499 тохиолдол шинээр бүртгэгдэж COVID-19”  халдвартай хүний тоо 132 758 болж нас баралтын тоо 4 955-д хүрлээ. БНХАУ-д шинэ коронавируст халдвартай хүн 11-ээр нэмэгдэж, 7 хүн нас барсан байна. БНСУ-д 110 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт болж байна. Нас баралт бүртгэгдээгүй” гэж мэдээллээ. 

Холбоотой мэдээ