Трамп гадаад бодлогоо танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-28 10:19:18

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Дональд Трамп Япон болон АНУ-ын бусад холбоотнуудад хандан газар нутагт нь байрлаж байгаа америк цэргүүдийн зардалд илүү их мөнгө төлөх ёстой гэж мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр Вашингтон хотноо мэдэгдэл хийж, гадаад бодлогынхоо талаар танилцуулахдаа, Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад бодлогыг буруушаагаад, АНУ-ын эдийн засаг болон цэргийн хүч суларч байна гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр "Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ын ашиг сонирхлыг эн тэргүүнд тавина" гэдгээ амлалаа.

Үүнээс гадна “АНУ-ын хамгаалалтад байгаа орнууд манай батлан хамгаалахын зардалд илүү их хувь нэмэр оруулах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол АНУ тэднийг орхих ёстой” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Харин ОХУ болон БНХАУ-тай холбогдуулан тэрбээр, АНУ тус хоёр орноос эрс ялгаатай хэдий ч тэд өстөн дайснууд биш. АНУ хамтын ашиг сонирхолдоо тулгуурлан дээрх хоёр оронтой нийтлэг байр сууриа тодорхойлох арга замыг хайх хэрэгтэй гэж мөн мэдэгджээ.

ОХУ-тай харилцаагаа сайжруулах боломжтой гэж тэрбээр мэдэгдээд, БНХАУ-тай ч гэсэн харилцаагаа сайжруулахын ач холбогдлыг дурдсан байна.

Тэрбээр цааш нь ярихдаа, Обамагийн явуулж буй гадаад бодлого бүтэлгүйтсэн гэдгийг дахин дурдсаны сацуу Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөгч Хиллари Клинтоныг шүүмжилжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ