Засаг дарга хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай уулзлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-06 16:23:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний түүхт 107 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн ажилтнуудыг хүлээн авч, чөлөөт уулзалт хийлээ.

Сүхбаатар аймагт тогтсон үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага харьцангуй цөөн хэдий ч салбарын ажлаа мэргэжлийн түвшинд явуулж чаддаг гэдгийг холбогдох байгууллагууд үнэлдэг. Энэ ч утгаараа үндэсний сэтгүүлзүйн түүхт 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга салбарын ажилтнуудыг хүлээн авч уулзсан нь энэ юм. Тэд өнгөрсөн болон ирээдүйн хамтын ажиллагаа түүний үр дүнгийн талаар чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцов.


Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар, миний хувьд аймгийн Засаг даргаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд тогтмол хэвлэл мэдээллийн салбартайгаа ойр байж, хамтран ажиллаж ирсэн. Үүний үр дүнд аймаг орон нутагт өрнөж буй үйл явдал, бүтээн байгуулалтын ажлын талаар ард иргэд үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай авсаар байна. Мөн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан ард иргэдийн дунд олон сөрөг мэдээллүүд тархаад байснаас гадна хамгийн гол нь иргэд хоорондоо талцаж, үл ойлголцлын шинжтэй олон зүйлсийг намжааж, эерэг болгоход сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо асар их байсныг цохон хэлье гээд бүх ажилтанд баяр хүргэж, гарын бэлэг гардуулсан юм.

Харин МСНЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Батбаатар, урьд жилүүдэд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд аймгийн үе үеийн удирдлагуудтай хамтран ажиллаж ирсэн ч энэ удаагийнх шиг яг салбартаа тогтвор суурьшилтай ажиллаж буй бүх ажилтныг аймгийн дарга хүлээн авч уулзсан нь анх удаа гэдгээрээ онцлог байлаа. Мөн цаашид хамтарч ажиллах олон сайхан боломж, нөхцөлийг бүрдүүлж өглөө гэдгийг тодотгов.

Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас 2019 онд хэвлэл мэдээллийн салбарт нийт 23 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн бол 2020 онд мөн хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ