Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг цогцоор хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-03-05 17:11:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн осол, зөрчлийн улмаас амь насаа алдсан, гэмтсэн хүний тоог 50 хувиар бууруулах талаар НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод тусгаад байна. 

Энэ талаар Шведийн Стокхольм хотноо өнгөрсөн 2 дугаар сард болсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сайд нарын дэлхийн 3 дугаар чуулга уулзалтаар хөндөв. 

“2030 дэлхийн зорилтуудад хүрэх нь” сэдвээр чуулсан уулзалтад дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн хэмжээнд тулгамдаж буй  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг гарч буй ахиц дэвшил, тулгарч буй хүндрэл бэрхшээл, сорилт гэсэн цогц байдлаар авч үзэн хэлэлцэв. 



Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ирэх 10 жилд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийн чиглэлийг тогтоон Стокхольмын Тунхаглалд тусган батлаад байна.

Чуулга уулзалтад Монгол Улсаас ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Манай улс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар Үндэсний стратегид тусгасан зорилтот үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүднээс энэ талаар "Үндэсний хөтөлбөр” болгон шинэчилж, Засгийн газраас 2019 онд баталсан.

Уг хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжих талаар тэрээр танилцууллаа.

Монгол Улс 2030 он хүртэлх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 5 тулгуурт 12 гол зорилтын хүрээнд замын хөдөлгөөнд оролцох дадал, соёл болон ослоос урьдчилан сэргийлэх чадварыг хүний зан үйл, ухамсарт дадал болгон хэвшүүлэх, аюулгүй дэд бүтцийг хөгжүүлэх, тээврийн ухаалаг системд тулгуурласан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх зэргээр цогц байдлаар ажиллаж байна.


Холбоотой мэдээ